Шууд Chart

Европын Холбоо ОХУ-ын эсрэг 6 дахь хоригоо баталлаа

2022-06-04 15:44:10

Унгарын эсэргүүцлийн улмаас нэг хоног хойшилсон ч Европын Холбоо ОХУ-ын эсрэг 6 дахь хориг арга хэмжээг баталлаа. Хоригийн дагуу Европын Холбоо Оросын газрын тосны экспортод хэсэгчилсэн хориг тавьж, Оросын тэргүүлэгч банкуудыг олон улсын санхүүгийн СВИФТ системээс хасахаар болж байна.

Хориг арга хэмжээний гол зорилго нь Оросын Украинд явуулж байгаа дайны санхүүжилтийн гол эх үүсвэрийг хаахад чиглэж байна. Харин ОХУ уг хориг Европт өөрт нь сөргөөр нөлөөлнө гэж үзэж байна.

Европын Холбооны 6 дахь хоригт Оросын аюулгүй байдал, цэргийн байгууллагуудтай холбоотой хувь хүн, ялангуяа Бучад болсон хэрэгт холбоотой хүмүүс, дайнтай холбоотой аж үйлдвэрлэл, технологийн салбарын хүмүүс, олигархууд тэдний гэр бүлийн гишүүдийг багтаасан гэж Европын Холбооны мэдэгдэлд дурджээ.

Энэ хориг Европын Холбооны Оросын газрын тосны импортоос хамааралтай байдлыг бууруулахад мөн чиглэж байна. Хоригийн дагуу Европын Холбоо энэ оны эцэс гэхэд Оросоос авдаг газрын тосны импортоо 90 гаруй хувиар бууруулах зорилт тавьж байгаа юм.

Мөн Европын Холбооноос Орос руу чиглэсэн газрын тос болон өндөр технологийн салбарт ашиглагдах бараа бүтээгдэхүүний экспортыг хааж байна. Мөн Оросын оператор компаниудад Европын Холбооны байгууллагуудаас зөвлөх үйлчилгээ үзүүлэхийг зогсоож буй юм байна.

Хоригийг одоо Европын зөвлөл батлах ёстой. Үүний дараа Европын Холбооны албан ёсны сэтгүүлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр хэрэгжих юм байна.

Европын Холбоо өнгөрсөн мягмар гарагт болсон ээлжит бус дээд хэмжээний уулзалтаараа Оросын эсрэг 6 дахь хориг арга хэмжээг батлахаар зарчмын хувьд тохиролцсон юм. Европын Холбооны дүрмийн дагуу хориг арга хэмжээ хүчин төгөлдөр хэрэгжихэд гишүүн 27 улс бүгд санал нэгтэй байх ёстой.

Унгар Оросын эсрэг хориг арга хэмжээний зарим зүйлийг эсэргүүцсэний улмаас уг хоригийг анх төлөвлөсөн ёсоор лхагва гарагт баталж чадаагүй юм. Унгарын эсэргүүцэлтэй холбогдуулан Путины ойрын холбоотон гэгддэг Оросын үнэн алдартны шашны тэргүүнийг хоригоос хассан байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын Холбоо ОХУ-ын эсрэг 6 дахь хоригоо баталлаа   
Үзсэн: 592 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй