Шууд Chart

Володимир Зеленский: Украины газар нутгийн тавны нэг нь ОХУ-ын цэргийн хяналтад байна

2022-06-04 16:10:31

Украины газар нутгийн тавны нэг нь буюу 20 хувь нь Оросын цэргийн хяналтад байгааг тус улсын Ерөнхийлөгч Володимир Зеленский Люксембургийн парламентад үг хэлэх үедээ мэдэгджээ.

Орос Украинд дайн эхлүүлснээс хойш 100 хоног өнгөрч байна. Өнөөдрийн байдлаар Оросын арми Украины зүүн бүс нутагт давшилтаа эрчимжүүлж байгаа бол Украины арми Өрнөдийн зэвсгийн тусламжийг хүлээж байна.

Оросын цэрэг Украины армийн Луганск муж дахь сүүлчийн бэхлэлт болсон Северодонецк хотыг хяналтдаа оруулахаар байлдаж байна. Украины албаныханы мэдэгдсэнээр тус хотын 80 орчим хувь нь аль хэдийнэ Оросын цэргийнхний мэдэлд орсон байна.

Украины газар нутгийн 125 мянган хавтгай дөрвөлжин км талбайг Оросын арми хянаж байна. Энэ нь Бельги, Нидерланд, Люксембургийн нийт нутаг дэвсгэрээс ч том хэмжээтэй газар нутаг гэж Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский  мэдэгджээ.

Украины арми зэвсэг, техникийн үзүүлэлт, хүч сул ч гэсэн сөрөх довтолгоогоо эрчимжүүлж байгаа, ухрахгүйн тулд Украинд орчин үеийн зэвсгийн дэмжлэг юу юунаас чухал байгааг олон улсын сонорт хүргэсээр байна.

Украины зэвсгийн тусламж хүссэн хүсэлтийн дагуу Америк, Герман улсууд орчин үеийн пуужин, радарын систем зэрэг нэмэлт зэвсэг илгээхээр болсон бол Британи улс 80 км-ийн зайд байг устгах чадалтай, орчин үеийн дунд тусгалын пуужингийн систем илгээхээр болсноо мэдэгдлээ.

Мөн Швед пуужин, буу, танк эсэргүүцэгч зэвсэг Киевд өгөхөөр болжээ. Харин ОХУ Өрнөдийн Украинд өгч байгаа зэвсгийн тусламж байдлыг улам дордуулах нөхцөлийг бүрдүүлж байна гэж зэвсгийн тусламжийг эсэргүүцэж байна.

Үүнээс гадна Оросын Думын Олон улсын харилцааны хорооны дарга Донбасс, Херсон, Запорожье мужуудад энэ зун бүх нийтийн санал асуулга болж магадгүй тухай мэдэгдсэн. Энэ тухай сэтгүүлчийн асуултад Кремлийн хэвлэлийн төлөөлөгч "Донбассын иргэд Орост нэгдэх эсэхээ өөрсдөө шийдэх ёстой" гэж хариулжээ.

Украинд хэдийгээр дайн болж байгаа ч тус улсын үйл хэрэг зогсолтгүй үргэлжилж байна. Украины Ерөнхийлөгч улс оронд нь суух гадны гурван улсын Элчин сайдын ИЖБ-ийг хүлээн авчээ.

Америк, Молдав, Энэтхэг улсууд Украин дахь дипломат төлөөлөгчийн газрынхаа тэргүүнийг сольж, шинээр суух Элчин сайдуудаа томилжээ.

ИЖБ барих ёслолын үеэр Украины Ерөнхийлөгч мөн л улс орноо хамгаалахад нь зэвсгийн нэмэлт тусламж илгээхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг шинэ Элчин сайдуудад уриалсан байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Володимир Зеленский: Украины газар нутгийн тавны нэг нь ОХУ-ын цэргийн хяналтад байна   
Үзсэн: 449 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй