Шууд Chart

ИБУИНХУ-ын Хатан хаан II Элизабетийн хаан ширээнд заларсны 70 жилийн ойг тэмдэглэж байна

2022-06-04 16:37:57

Британийн Хатан хаан II Элизабетийн хаан ширээнд заларсны 70 жилийн ойг Британийн ард түмэн төдийгүй түүний харьяанд байсан улс орнуудад ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Хатан хааны эцэг VI Жорж Хаан 1952 оны хоёрдугаар сард таалал төгсөхөд 25 настай Элизабет хаан ширээг өвлөн авсан юм.

Хатан хаан II Элизабет нь Британийн түүхэнд хамгийн удаан хугацаанд хаан ширээнд заларч, хамгийн урт насалж байгаа язгууртан болж түүхэнд бичигдэж байна.

Хатан хаан II Элизабет 1953 оны зургаадугаар сарын 2-ны өдөр албан ёсоор хаан ширээнд заларчээ. Иймд зургаадугаар сарын 2-ны өдөр Лондон хотын төвд Букингемийн ордонд Хатан хааны хаан ширээнд заларсан 70 жилийг бэлгэдсэн Платинум ойн үйл ажиллагаа ёслол төгөлдөр эхэллээ.

Британийн олон мянган иргэн Армийн Өнгөт жагсаалыг үзэхээр Букингемийн ордны эргэн тойронд цугларчээ. Уг жагсаалд хүндэт харуулын 1200 гаруй цэрэг, офицер, олон зуун хөгжимчин, 240 морь оролцуулсан байна.

Хатан хаан өмнөх ойн баяруудын үеэр сүйх тэргэнд заларч, ард иргэдтэйгээ мэндчилдэг байсан бол энэ удаад хааны ордны тагтан дээрээс ард иргэдтэйгээ мэндчилжээ.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Эдинбургийн гүн нөхрөө алдсан 96 настай Хатан хааны эрүүл мэндийн талаар олон нийт санаа зовнингуй байгаа юм байна.

Хатан хаан сүүлийн үед өмнөхөөсөө олон удаа албан үүргээ цуцалжээ. Ням гараг хүртэл дөрвөн хоног үргэлжлэх ойн баярын хүрээнд Британи даяар 200 гаруй мянган үйл ажиллагаа, үдэшлэг зохион байгуулагдах юм байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ИБУИНХУ-ын Хатан хаан II Элизабетийн хаан ширээнд заларсны 70 жилийн ойг тэмдэглэж байна   
Үзсэн: 538 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй