
АНУ дахь оросын сэтгүүлчдэд хандах хандлага сайжрахгүй бол ОХУ дахь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийнх нь итгэмжлэлийг цуцлах эрсдэл бий гэдгийг Москва АНУ-ын мэдээллийн байгууллагуудад анхаарууллаа.
ОХУ-ын Гадаад хэргийн яам даваа гарагт Москвад төвтэй АНУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөгчдийг дуудаж уулзжээ. Энэ үеэр Вашингтоны зүгээс Оросын хэвлэл мэдээллийнхэнд гаргаж байгаа "дайсагнасан" хандлагад, Оросын Засгийн газар ч мөн хариу арга хэмжээ авахыг төлөөлөгчдөд мэдэгджээ.
Уулзалтын үеэр Гадаад хэргийн яамны Хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова АНУ дахь Оросын сэтгүүлчид виз, хэвлэл мэдээллийн магадлан итгэмжлэл, шинээр банкны данс нээлгэхэд тулгарч байгаа бэрхшээлүүдийн талаар дурджээ.
"Орос дахь АНУ-ын сэтгүүлчдэд мөн үүнтэй төстэй бэрхшээл тулгарах эрсдэл бий, нөхцөл байдал өөрчлөгдөхгүй бол тэд Оросын нутгийг орхихоос өөр аргагүй болно гэдгийг Мария Захарова анхааруулсан байна.
Уулзалтад ABC News, CNN, FOX, AP зэрэг АНУ-ын хэвлэл мэдээллийн компаниудын 11 төлөөлөгч оролцсон гэж эх сурвалжууд мэдээлж байна.
АНУ-ын Төрийн департаментын Хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс даваа гарагт сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ Кремль хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд "халдаж байна” гэж Оросын дээрх анхааруулгыг шүүмжилжээ.
Мөн тэрбээр "АНУ Оросын мэргэшсэн сэтгүүлчдэд виз олгосоор байгаа бөгөөд Оросын нэг ч сэтгүүлчийн итгэмжлэлийг хүчингүй болгоогүй" гэж хариу мэдэгдэл хийсэн юм.
ОХУ АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн үйл ажиллагааг цуцалж болзошгүйг анхааруулав | ||
Үзсэн: 426 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.