Шууд Chart

БНЭУ зарим улс руу улаан буудайн экспортоо үргэлжлүүлж байгаагаа мэдэгдэв

2022-06-07 15:03:57

Энэтхэг улс улаан буудайн экспортдоо хориг тавьсан нь дэлхийн хүнсний нийлүүлэлтийн орчныг улам муутгаж болзошгүй байдалд хүргэлээ гэж олон улс шүүмжилж байгаа юм. Харин Энэтхэг өөрөө улаан буудайн экспортоор дэлхийд дөнгөж нэг хувийг эзэлдэг учраас экспортын хориг нь дэлхийн зах зээлд нөлөөлөхгүй гэж шийдвэрээ хамгаалж байна.

Энэтхэг улс гэнэтийн хэт халалт улаан буудайн ургацад сөргөөр нөлөөлж, үнийн өсөлт бий болгосонтой холбогдуулан тавдугаар сарын 13-нд улаан буудайг гадаад зах зээлд гаргахыг хориглосон юм. Гэхдээ зарим улс Энэтхэгээс улаан буудай авсан хэвээр байгаа, хөрш улс орнуудаа хэрэгцээт хүнсээр нь таслахгүй гэж тус улсын Засгийн газраас мэдэгдэж байна.

Энэтхэгийн улаан буудайн гол зах зээл нь Бангладеш, Балба, Шри Ланка болон Арабын нэгдсэн эмират улс юм байна. 2019-2020 оны хооронд Шри Ланка, Арабын нэгдсэн эмират улс улаан буудайн хэрэглээнийхээ 50 гаруй хувийг Энэтхэгээс импортлон авчээ.

Хэдийгээр Энэтхэг нь улаан буудайн гол экспортлогч улс биш боловч энэ шийдвэр нь дэлхийн зах зээл дээр улаан буудайн ханш ойролцоогоор зургаан хувиар өсөхөд нөлөөлсөн.

Зарим нэр төрлийн улаан буудайн ханш тавдугаар сарын 13-наас хойш хэд хоногийн хугацаанд эрс өссөн байна. Ер нь ОХУ Украинд дайн эхлүүлснээс хойш 3, 4-р сарын турш дэлхийн зах зээл дээр улаан буудайн үнэ өсөлттэй байсан нь бусад хүнсний бүтээгдэхүүний ханш чангарахад нөлөөлжээ. Тухайлбал, Хар тэнгист Украины экспортын олон сая тонн улаан буудай гацсанаас хойш дэлхийн олон улс орон Энэтхэгийн улаан буудайн нийлүүлэлтээс хамаарч байгаа учраас Шинэ Дэлигийн хориг үнийн хөөрөгдөлд нөлөөлсөн гэж хөдөө аж ахуйн судлаачид үзэж байна.

Энэтхэг улс нь улаан буудай үйлдвэрлэлээрээ дэлхийд хоёрдугаарт жагсдаг боловч дэлхийд улаан буудайн худалдааны нэг хүрэхгүй хувийг эзэлдэг юм байна. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг боловч улаан буудайн дийлэнх хувь нь буурай аж амьдралтай иргэдийг хүнсний тусламжаар хангахад зориулагддаг аж. 

Олон улсын валютын сан экспортын хоригоо эргэн харахыг Энэтхэгт уриалж, Украины дайны нөлөөгөөр хүнсний хямрал, улаан буудайн хомсдолтой тулгарч байгаа улс орнуудад дэмжлэг үзүүлэхэд голлох үүрэгтэй оролцох нь зүйтэй гэж үзэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНЭУ зарим улс руу улаан буудайн экспортоо үргэлжлүүлж байгаагаа мэдэгдэв   
Үзсэн: 370 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй