Шууд Chart

ДЭМБ сармагчны цэцэг өвчнийг нийтийн эрүүл мэндэд аюултайд тооцох эсэхийг ирэх 7 хоногт шийднэ

2022-06-16 10:00:32

Сармагчны цэцэг өвчний тархалт нийтийн эрүүл мэндэд аюул учруулахуйц хэмжээнд хүрсэн эсэхийг үнэлэхээр ирэх 7 хоногт шуурхай хуралдаан зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа ДЭМБ мэдэгдлээ. Сармагчны цэцэг өвчнийг олон улсын эрүүл мэндийн онцгой байдлын түвшинд хүрсэн гэж зарлавал ДЭМБ уг өвчнийг "Ковид-19" цар тахлын адил түвшинд авч үзэж байна гэсэн үг юм.

Өчигдрийн байдлаар дэлхийн 39 улсад сармагчны цэцэг өвчний 1600 гаруй тохиолдол батлагдсан байна.

ДЭМБ-ын шуурхай хуралдаанд олон орны эрдэмтдийг урьжээ. Өмнө нь ДЭМБ гахайн ханиад, эбола, зика вирус, "Ковид-19" зэрэг өвчнүүдийг нийтийн эрүүл мэндийн гамшигт тооцож, шуурхай хариу арга хэмжээ авах зөвлөмжийг улс орнуудад өгч байсан.

Одоогоор сармагчны цэцэг өвчний 1600 гаруй тохиолдол Европ, Хойд болон Өмнөд Америк, Ази, Африк, Австрали гэсэн бүс нутгуудад бүртгэгдээд байна.

ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебреисус “Сармагчны цэцэг өвчний тархалт өмнө нь тохиолдож байгаагүй, өөр байдлаар тархаж байгаа нь санаа зовоож байна. Иймээс халдварын тархалт нийтийн эрүүл мэндэд нөлөөлөх хэмжээнд хүрч байгаа эсэхийг үнэлэхээр Олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу онцгой байдлын хороог энэ сарын 23-нд хуралдуулахаар шийдвэрлэлээ. Сармагчны цэцэг өвчин өмнөхтэй адилгүй олон улс оронд тархаж байгаа учраас зохих хариу арга хэмжээг авах шаардлагатай болж байна” гэж ярьжээ.  

Үүнээс гадна ирэх 7 хоногийн ДЭМБ-ын шуурхай хуралдаанаар сармагчны цэцэг өвчний нэрийг өөрчилж магадгүй байна. Уг өвчин болон вирусний нэрийг ялгаварлан гадуурхах, доромжлох агуулгагүй болгон өөрчлөхийг олон улсын эрдэмтэд ДЭМБ-д хандаж уриалсан юм байна.

Өөрөөр хэлбэл, сармагчны цэцэг өвчнийг Африк тивтэй шууд холбох нь утгагүй гэж эрдэмтэд үзжээ. Энэ өвчин өмнө нь Баруун болон төв Африкийн орнуудад ихэвчлэн тархдаг байсан бол энэ удаад тус тивээс гадна орших улс орнуудад ялангуяа Өрнөдийн улс орнуудад тархаж байгаа нь ховор үзэгдэлд тооцогдож байгаа юм.

Уг вирус сармагчнаас бус ихэнхдээ зэрлэг мэрэгч амьтнаас хүнд дамждаг. Салхин цэцэг өвчний вирустэй нэг төрөлд багтдаг боловч харьцангуй хөнгөн хэлбэрээр илэрдэг. Агаар дуслын замаар тархдаггүй, халдвартай хүнтэй ойр харилцах, хүрэлцэх замаар халдварладаг гэж мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байгаа. Одоогоор уг өвчний вирус бэлгийн замаар халдварлаж байгаа эсэхийг судлаж байгаа ч дүгнэлт нь гараагүй байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ДЭМБ сармагчны цэцэг өвчнийг нийтийн эрүүл мэндэд аюултайд тооцох эсэхийг ирэх 7 хоногт шийднэ   
Үзсэн: 516 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй