Шууд Chart

Украины Ерөнхийлөгч зэвсгийн тусламжаа яаравчлан илгээхийг Өрнөдийн орнуудад уриаллаа

2022-06-16 11:00:04

Украин улс Өрнөдийн улс орнуудын амласан хүнд зэвсгийн тусламжийн дөнгөж 10 хувийг л хүлээж аваад байгааг Батлан хамгаалах яамнаас нь мэдэгджээ. Өдөр бүр зэвсгийн хүргэлт хойшлогдож байгаа учраас зэвсэг өгөхөөр амласан улсуудаас зэвсэг нийлүүлэх эцсийн хугацаагаа тодорхой болгохыг Украины Батлан хамгаалахын дэд сайд мэдэгдэж, Ерөнхийлөгч Володимир Зеленский зэвсгийн тусламжаа яаравчлахыг Өрнөдийхөнд уриаллаа. Украины төр Донбассын төлөөх тулаан дайны цаашдын байдлыг тодорхойлно гэж үзэж байна.

“Украин дайнд ялахын төлөө хичнээн хичээсэн ч, манай арми хичнээн мэргэжлийн байлаа ч Өрнөдийн түншүүдийн зэвсгийн тусламжгүйгээр дайнд ялж чадахгүй. Зэвсэг нийлүүлэх хугацаа хойшлох нь Украинд асар их хохирол учруулж, Оросын талд илүү их газар нутагт алдах эрсдэл бий болж байгаа учраас зэвсгийн хүргэлт хэзээ хийгдэх вэ гэдэг маш тодорхой байх шаардлагатай байна. Нөхцөл байдал маш хүнд байгаа тул украинчууд бид удаан хүлээж тэсэхгүй” гэж Батлан хамгаалахын дэд сайд нь мэдэгдсэн байна.

Оросын арми Донбассыг бүрэн хяналтдаа авахын төлөө давшилтаа эрчимжүүлснийг олон улсын хэвлэлүүдээр мэдээлсээр байна. Украины Ерөнхийлөгч Зеленский арми нь Северодонецк хот, Харьков мужид маш их хохирол амсаж байгааг хүлээн зөвшөөрч, зэвсгийн нийлүүлэлтээ яаравчлахыг Өрнөдийн орнуудад дахин уриаллаа.

Ялангуяа пуужин эсэргүүцэгч цогцолборыг яаралтай илгээхийг Украины талаас хүсэж байна. Украинд эхний ээлжинд гаубиц загварын буу 1000, танк 500, дрон 1000 ширхэг хэрэгтэй байгааг Ерөнхийлөгчийн зөвлөх нь даваа гарагт мэдэгдсэн.

Харин Оросын тал Северодонецкийн Азот химийн үйлдвэрт хоргодож байгаа Украины цэргийг бууж өгөхийг хүссэн байна. Мөн Оросын арми тус үйлдвэрээс энгийн иргэдийг гаргах хүмүүнлэгийн коридор бий болгоно гэж мэдэгджээ.

Брюссельд НАТО болон бусад улс орнуудын Батлан хамгаалахын сайд нар Украинд зэвсэг нийлүүлэх асуудлыг хэлэлцэж байна. Германы Рамштайнд эхэлсэн Украинд дэмжлэг үзүүлэх бүлгийн уулзалтыг АНУ-ын Батлан хамгаалахын сайд даргалж байна. Эндээс Украины байдлыг хэлэлцээд, зэвсгийн тусламжийг эрчимжүүлэх талаар тодорхой шийд гарах болов уу гэсэн хүлээлттэй байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Украины Ерөнхийлөгч зэвсгийн тусламжаа яаравчлан илгээхийг Өрнөдийн орнуудад уриаллаа   
Үзсэн: 396 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй