Шууд Chart

НАТО-гийн гишүүн 7 улс Швед, Финландын элсэх хүсэлтийг дэмжиж байгаагаа илэрхийллээ

2022-06-16 11:14:09

Нидерландын Ерөнхий сайд Марк Рютте Данийн Ерөнхий сайдтай хамтран НАТО-гийн удирдлага болон гишүүн 5 улсын төр засгийн тэргүүн нарыг Гааг дахь өргөөндөө хүлээн авч, албан бус уулзалт хийлээ.

НАТО-гийн ЕНБД Украинд үзүүлэх хүнд зэвсгийн тусламжаа нэмэгдүүлэхийг гишүүн улсууддаа уриаллаа. Мөн НАТО болон түүний гишүүн долоон улс Швед, Финландын элсэх хүсэлтийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

Польшийн Ерөнхий сайд Украинд үзүүлж байгаа дэмжлэг туслалцаа хангалтгүй байна гэж шүүмжиллээ. Үүнд НАТО-гийн тэргүүн хариулахдаа "Украинд илүү их хүнд зэвсэг нийлүүлэх хэрэгтэй байна. НАТО-гийн орнууд тодорхой хэмжээнд зэвсэг нийлүүлж ирлээ. Оросын давшилтын эсрэг зогсох Украины чадавх хүнд зэвсгийн тусламжаас хамаарч байгаа учраас Украинд үзүүлэх хүнд зэвсгийн тусламжаа нэмэгдүүлэх нь зүйтэй" гэж мэдэгджээ.

Польш улсын Ерөнхий сайд Матеуш Моравецки “Бид Украиныг хамгаалах, ард түмнийг нь эрх чөлөө, тусгаар тогтнолоо хамгаалахад нь дэмжлэг болохуйц хангалттай зүйл хийсэнгүй. Тиймээс та бүхнийг Украинд зэвсэг, их буу хүргэхийн төлөө илүү их зүйл хийхийг уриалж байна” гэжээ. 

Швед, Финландын НАТО-д элсэх хүсэлтийг эсэргүүцэж байгаа цорын ганц улс нь Турк. Туркийн эрх баригчид Анкарагийн алан хядагч гэж үздэг Курдын зэвсэгт дайчдыг дэмжих бодлогоо өөрчлөхөөс нааш гишүүнчлэх хүсэлтийг нь дэмжихгүй гэдгээ илэрхийлээд байгаа юм. Харин Шведийн Засгийн газар НАТО-д гишүүнчлэх үүрэг хариуцлагынхаа хүрээнд Туркийн тавьж байгаа асуудлыг шийдвэрлэхэд бэлэн байгаагаа саяхан нотолсон юм.

НАТО-гийн ЕНБД Йенс Столтенберг “Швед, Финландын гишүүнчлэх хүсэлтийг тун их сайшааж байгаа. Энэ бол түүхэн шийдвэр. НАТО-д гишүүнчилснээр тэд ч аюулгүй байдлаа хангана, бид ч өргөжинө. Харин Туркийн тавьсан асуудалд нухацтай хандах ёстой” гэсэн байна. 

Гаагд болсон энэхүү албан бус уулзалтад Румыны Ерөнхийлөгч, Бельги, Польш, Португал, Латвийн Ерөнхий сайд нар оролцжээ.

Энэ уулзалт ирэх жилүүдэд НАТО ямар зарчмаар, бодлогоо хэрхэн хэрэгжүүлэх ерөнхий чигийг гаргах зорилготой зургаадугаар сарын 29-30-ны хооронд Мадрид хотноо болох НАТО-гийн эрх баригчдын дээд хэмжээний уулзалтыг угтаж болсноороо ач холбогдолтойд тооцогдож байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НАТО-гийн гишүүн 7 улс Швед, Финландын элсэх хүсэлтийг дэмжиж байгаагаа илэрхийллээ   
Үзсэн: 463 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй