Шууд Chart

Жозеф Байден Украины улаанбуудайг газраар тээвэрлэх төлөвлөгөө танилцуулав

2022-06-16 11:40:33

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден Европын түншүүдтэйгээ хамтран Украины улаанбуудайг газраар олон дамжлагаар тээвэрлэх төлөвлөгөө танилцууллаа. Украины төмөр замын цариг хөрш Европын орнуудынхаас өргөн стандарттай, галт тэргээр тээвэрлэх зах зээл рүү гаргах боломжгүй учраас Украины хилд болон Польш улсад улаанбуудай хадгалах түр зуурын нөөцлүүр барихаар болжээ.

Өөрөөр хэлбэл, Украинаас улаанбуудайг галт тэргээр тээвэрлэж, хилд барьсан нөөцлүүр рүү шилжүүлнэ. Дараа нь дахин Европын тээврийн галт тэрэг рүү зөөнө. Ингэснээр Украины боомтуудад гацсан улаанбуудайг Европын далайн гарцаар дэлхийн зах зээл рүү гаргах бололцоо бүрдэнэ.

Хорь гаруй сая тонн үр тариаг ийм аргаар экспортлох нь цаг хугацаа их шаардах боловч Украины төмөр замын өргөн царигаас шалтгаалаад үүнээс өөр боломжит гарц байхгүй гэж талууд дүгнэсэн юм байна.

Мөн энэ олон дамжлагат төлөвлөгөө Оросын Украинд хийж байгаа дайн, Украины боомтод хориглолт тавьснаас үүдэлтэй хүнсний үнийн өсөлтийг улам гааруулахгүй байх нэг арга зам гэж Вашингтон үзэж байна.

Украины Хар тэнгисийн боомтуудад Оросын арми хориглолт тавьснаас үүдэж Украины 25 сая тонн үр тарианы экспорт гацаад удаж байна. Үүнээс шалтгаалж дэлхийн хүнсний хямралд даамжрах эрсдэл бий боллоо гэж Украин болон өрнөдийнхөн Оросыг буруутгаж байна.

Одоо Украины улаанбуудайн экспортыг гацаанаас гаргах талаар НҮБ болон ОХУ-ын хооронд мөн Турк зөрчилдөгч талуудтай тус тусын хэлэлцээ өрнөж байна. Турк улс Украиныг Хар тэнгисээр улаанбуудайгаа экспотлох зөвшөөрлийг Оросын талаас авахаар хоёр талд зуучилж байна.

Харин АНУ хариуд нь хоригоо цуцлахыг шаардаж байгаа Москва Хар тэнгисээр Украины экспортыг ойрын үед гаргана гэдэгт итгэлгүй байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Жозеф Байден Украины улаанбуудайг газраар тээвэрлэх төлөвлөгөө танилцуулав   
Үзсэн: 432 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй