Шууд Chart

БНТУ Украины үр тарианы экспортыг эхлүүлэх тухай ОХУ, Украин, НҮБ-ын хооронд уулзалт зохион байгуулна

2022-06-23 10:26:43

Энэхүү дөрвөн талт уулзалтыг ойрын хэдэн 7 хоногт багтаан Истанбулд зохион байгуулна. Уулзалтад Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, НҮБ-ын ЕНБД Антонио Гуттериш нар оролцох төлөвтэй байна. Сая даваа гарагт Туркийн Ерөнхийлөгч НҮБ-ын тэргүүнтэй энэ сэдвээр утсаар ярьсан юм.

Энэхүү дөрвөн талт уулзалтын өмнө Хар тэнгист аюулгүй усан зам гаргах асуудлыг нарийвчлан хэлэлцэхээр Туркийн Батлан хамгаалах яамны төлөөлөгчид энэ 7 хоногт Москваг зорих юм байна. Энэ тухай Туркийн Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлснийг Туркийн болон олон улсын хэвлэлүүд иш татан мэдээлжээ. Мөн Туркийн батлан хамгаалахын төлөөлөгчтэй хэлэлцээ хийхээр төлөвлөж байгааг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Песков баталсныг ТАСС иш татсан байна. Украины хар тэнгисийн боомтуудад өнөөгийн байдлаар 30 орчим сая тонн улаан буудай болон бусад үр тарианы экспорт гацсан. Учир нь Оросын армийнхны Хар тэнгист тавьсан мина дэлбэрэх аюулаас шалтгаалж, далайн тээвэр хийх боломжгүй болсон гэж Украины тал мэдэгдэж байгаа юм. Эх сурвалжуудын мэдээлснээр Киевийн хяналтан дор Украины хар тэнгисийн боомт хот Одессоос гурван коридор гаргах, тухайн коридороор Орос, Украины аль алиных нь хүнсний бүтээгдэхүүнийг тээвэрлэх төлөвлөгөөг НҮБ-аас танилцуулж, Орос Украиныг тохиролцохыг хүссэн байна. НҮБ-ын энэ чармайлтын хүрээнд Турк уг коридорыг гаргахаар зорьж байна. Хар тэнгист мэдэгдэж байгаа миныг тойруулан аюулгүй коридор байгуулах нь экспортыг хөнгөвчилнө гэж тооцжээ.

Хэрвээ ийм коридор гаргавал тус боомтоос ирэх 6-8 сарын хугацаанд 30, 35сая тонн үр тариа тээвэрлэх боломжтой болох юм байна. Энэ төлөвлөгөө далайн усыг минагүйжүүлэх нарийн төвөгтэй ажиллагаа шаардахгүй гэж Туркийн Гадаад харилцааны сайд Чавушоглу мэдэгджээ. Энэ санаачилгыг Европын холбоо дэмжиж байгаа ч Оростой уулзахгүйгээр газраар улаан буудайгаа экспортлох арга зам эрэлхийлж байгаа Украин энэ төлөвлөгөөнд нэлээн болгоомжлонгуй хандаж байгаа юм байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНТУ Украины үр тарианы экспортыг эхлүүлэх тухай ОХУ, Украин, НҮБ-ын хооронд уулзалт зохион байгуулна  
Үзсэн: 292 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй