Шууд Chart

Калининградын транзит тээврийг зогсоосны хариуд хатуу арга хэмжээ авахаа ОХУ анхааруулав

2022-06-23 11:35:39

Литвын эрх баригчид Украины дайнтай холбогдуулж Европын холбооноос тогтоосон хориг арга хэмжээний хүрээнд Калининград чиглэлд транзит тээврийг энэ 7 хоногоос эхлэн зогсоож байгаагаа мэдэгдсэн юм.

Москва Литвын энэ шийдвэрийг эрс эсэргүүцэж, хууль бус үйлдэл гэж мэдэгдсээр байна. Уржигдар Оросын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга “Орос ийм дайсагнасан үйлдэлд тохирох хариу арга хэмжээ авна, Засгийн газрын түвшинд ямар хариу авахаа боловсруулаад ойрын үед хэрэгжүүлнэ. Сөрөг үр дагавар нь Литвын ард түмэнд хүндээр тусна” гэж анхааруулжээ. Үүнээс өмнө Оросын Гадаад хэргийн сайд Европын холбооноос ОХУ-д суугаа Элчин сайдыг дуудаж дамжин өнгөрөх тээврийн хоригийг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Мөн тээврийг нэн даруй сэргээхийг шаардсан байна.

Харин Литва Европын холбооны хоригт орсон ган, хар төмөр бараа бүтээгдэхүүнийг газар нутгаараа дамжуулахгүй гэж шийдвэрээ тайлбарлаж байгаа. Литвын Засгийн газар дамжин өнгөрч байгаа зорчигчид болон хоригийн жагсаалтад ороогүй бараа бүтээгдэхүүний дамжин өнгөрөх тээвэр саадгүй үргэлжилж байгааг уржигдрын мэдэгдэлдээ онцолжээ. Мөн Орос нөхцөл байдлыг зориудаар хүндрүүлэх гэж хориглолт тавилаа гэж мэдэгдэж байгаа нь цэвэр суртал ухуулга гэж Литва үзэж байна.

Калининград нь Оросын хуурай газраар таслагдсан газар нутаг бөгөөд  Европын холбооны гишүүн Польш, Литва улстай хиллэдэг, 430 гаруй мянган хүн амтай муж юм. Балтын тэнгисийн эрэгт орших Калининград мужтай харилцахдаа Орос Беларусь, Литва улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрдөг, харин Польшоор дамждаггүй. Литвын нутгаар дамжсан төмөр замын тээвэр нийт ачаа тээврийн 50 орчим хувийг эзэлдэг байна. Мөн ОХУ Европын холбооны хоригийг зөрчихгүйгээр тус муж руу далайгаар тээвэр хийх боломжтой аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Калининградын транзит тээврийг зогсоосны хариуд хатуу арга хэмжээ авахаа ОХУ анхааруулав  
Үзсэн: 306 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй