Шууд Chart

АНУ 5-аас доош насны хүүхдэд “Ковид-19”-ийн эсрэг вакцин хийж эхэллээ

2022-06-23 14:34:29

Тус улсын Эмийн агентлаг Модерна, Пфайзерын вакцин бага насны хүүхдэд хийх зөвшөөрлийг өнгөрсөн 7 хоногт өгсөн юм. Ингэснээр Америк Модерна, Пфайзерын вакциныг бага насны хүүхдэд санал болгож байгаа анхны улс болж байгааг Ерөнхийлөгч Байден мэдэгджээ. АНУ-д ковидын вакцинд хамрагдах насны 18 сая хүүхэд байна.

Хэдийгээр бага насны хүүхдэд халдвараас учрах эрсдэл насанд хүрэгчидтэй харьцуулахад бага байгаа ч Америкт зургаан сартайгаас дөрвөн настай 45 мянга гаруй хүүхэд ковидын халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 500 орчим хүүхэд нас баржээ. Америкт эцэг эхчүүд ““Ковид-19” цар тахлын халдвар авах вий гэсэн айдастай холбоотойгоор нийгмийн харилцаанаас хэсэг хугацаанд хөндийрсөн хүүхдүүд харилцаагаа сэргээх боломжтой болно” гэж найдаж байна. Бага насны хүүхдүүд вакцинд хамрагдсанаар эмнэлэгт хэвтэх, хүндрэх, нас барах, удаан хугацаанд үлдэх сөрөг үр нөлөөнөөс хамгаалах болно гэж Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэргэжилтнүүд мэдэгджээ. АНУ өнгөрсөн оны 11 дүгээр сараас эхлэн 5-11 насны хүүхдүүдийг цар тахлын эсрэг вакцинд хамруулж байгаа юм.

Модерна, Пфайзер вакцин нь ижил технологитой боловч бага насны хүүхдэд хийх тун, хэмжээний хувьд өөр юм байна. Пфайзерын вакциныг 6 сартайгаас дөрвөн насны хүүхдэд насанд хүрэгчдэд хийж байгаа тунгийн аравны нэгтэй тэнцэх хэмжээний тунг гурван удаа хийх ёстой. Ингэхдээ эхний 2 тунг гурван долоо хоногийн зайтай, сүүлийн тунг хоёр сарын дараа хийх юм байна. Харин Модернагийн вакциныг зургаан сартайгаас 5 хүртлэх насны хүүхдэд хоёр удаагийн тарилгаар хийнэ, ингэхдээ насанд хүрэгчдэд зориулсан тунгийн дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээний тунгаар дөрвөн долоо хоногийн зайтай хийх юм байна. Мөн Америкт өвчлөлд өртөмтгий, дархлаа султай хүүхдэд Модернагийн вакцины гурав дахь тунг хийхийг зөвшөөрсөн байна.

Европын эмийн агентлаг Модернагийн вакциныг 6-аас доош насны хүүхдэд хэрэглэхийг зөвшөөрөх талаар нарийвчлан судалж байгаа, түрүүлээд Америк шийдвэр гаргасан учраас Вашингтоны шийдвэрийг дагаж магадгүй гэж Өрнөдийн хэвлэлд мэдээлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ 5-аас доош насны хүүхдэд “Ковид-19”-ийн эсрэг вакцин хийж эхэллээ  
Үзсэн: 370 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй