Шууд Chart

Ж.Банзрагч: Аливаа байгууллага арын албагүй буюу аж ахуй, үйлчилгээ, санхүү, инженер техникийн ажилтангүй оршин тогтнохгүй

2022-06-27 10:35:07

Монголын үндэсний олон нийтийн радиогийн 88, Монголын үндэсний олон нийтийн телевизийн 55 жилийн ой энэ жил тохиож байна. Тус ойг тохиолдуулан

-Юун түрүүнд танд удахгүй тохиох Монголын үндэсний олон нийтийн радиогийн 88, Монголын үндэсний олон нийтийн телевизийн 55 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Таны амьдралын зам жим Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз гэсэн өнөр өтгөн айлтай хэрхэн холбогдсон бэ?

-Баярлалаа. Би Завхан аймгийн Тосонцэнгэл сумын хүн. Сумынхаа арван жилийн дунд сургуулийг төгсөөд Улаанбаатарт одоогийн Санхүү, эдийн засгийн их сургуулийг Санхүү, эдийн засгийн техникум байхад нь төлөвлөгч, статистикчаар 1967 онд төгссөн. Дараа нь 1972-1978 онд ЗХУ-ын Удирдлагын дээд сургуулийг хот төлөвлөлтийн инженер, эдийн засагч мэргэжлээр төгсөөд нэг жил хэртэй Барилгын эрдэм шинжилгээний институтэд эрдэм шинжилгээний ажилтнаар ажилласан. Дараа нь өөрийн хүсэлтээр 1979 оны есдүгээр сүүлээр Мэдээлэл радио, телевизийн улсын хороо буюу одоогийн МҮОНРТ-д шилжин ирж ажиллаж байлаа.

-Та яагаад хүсэлт гаргасан бэ?

-Энэ байгууллага маань уран бүтээлийн том уурхай. Одоо ч хүртэл ярьдаг даа “Монголын зохиолчдын бага эвлэл” гэж. Энэ уран бүтээлийн их уурхайд ажиллах хүсэл дотор буцалж байсан учраас хүсэлт гаргасан.

1979 оны есдүгээр сарын сүүлээр шагнал урамшуулал хариуцсан эдийн засагч ажилд орсон. Тухайн үед радио, телевиз, МОНЦАМЭ гэсэн гурван салбартай байсан юм. Дараагаар нь байгууллагын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж энэ гурван салбарын бүх техник, аж ахуй, санхүү, нэвтрүүлгийн тайз засал, автограж зэргийн хариуцсан дөрөв дэх салбар гэх юм уу даа Радио, телевизийн техникийн төв байгуулагдсан. Би Радио, телевизийн техникийн төвд санхүүгийн алба ажил хашиж эхэлсэн. 1979 оноос 1994 он хүртэл ажилласан даа.

-Та анх шагнал урамшуулал хариуцсан эдийн засагчаар ажиллаж байсан юм байна. Тухайн үед радио, телевизийн ажилтнууд маш ачаалалтай ажилладаг байв уу?

-Мэдээ, сурвалжилга, найруулал гээд бүх л бүтээл нормтой. Норм төлөвлөгөөгөө биелүүлсэн болон давуулан биелүүлсэн уран бүтээлчийг редакц нь шагналд тодорхойлдог. Байгууллагын дэргэд байсан Шагналын комисс редакцын тодорхойлолтыг авч хэлэлцээд олон түмний таашаалд нийцсэн уран бүтээл туурвисан бол цалингийн 40 хүртэлх хувьтай тэнцэх мөнгөн шагнал олгодог байлаа. Харин нормоо биелүүлээд л явдаг уран бүтээлч, ажилтан бол үндсэн цалингаа л авна.

Тэр үед чинь Монголд нэг л радио, нэг л телевизтэй. Төвлөрсөн хэвлэл цөөхөн, “Үнэн”, “Залуучуудын үнэн”, Үйлдвэрчний эвлэлийн сонин л байсан. Аймгууд аймгийнхаа сонинтой ч аймгийн радио, телевиз гэж юу байхав. Тэгэхээр Монголын радио, Монголын телевизийн уран бүтээлчид өдөр шөнөгүй л ажилтай. Өглөө эрт ажилдаа ирээд шөнө дөл болсон ч студийн бичлэг, нэвтрүүлгийн монтаж, орон нутаг руу яваад ирсэн сэтгүүлчид бол эфирт өгөх мэдээ, сурвалжилга, нэвтрүүлэг гээд бүх юмаа бэлддэг маш их ачаалалтай ажилладаг байсан. Тэр хэрээр шагнал урамшууллын систем гэж байхгүй бол болохгүй шүү дээ. Үндсэн цалин тэр үед 700-850 төгрөг байсан. Энэ цалин улсын дунджаас буюу бусад албан газруудаас нэлээн өндөрт тооцогддог байсан шүү. 750 төгрөгийн үндсэн цалинтай редактор, найруулагч байлаа гэж бодоход нормоо давуулан биелүүлээд, уран бүтээл нь олны ташаалд нийцсэн бол дунджаар цалингийн 30 хувиар шагнууллаа гэхэд 1000 гаруй төгрөг авна.

-Та урамшуулал цалин тогтмол авдаг байсан уран бүтээлчдийг болон бүтээлүүдээс нь санаж байна уу?

-МҮОНРТ-ийн хоёр давхрын танхимд Төрийн дээд цолоор шагнуулсан уран бүтээлч, ажилтнуудын хөрөнгө зургуудыг байрлуулдаг, сүүлдээ багтдаггүй болчихсон. Тэр бүх улсууд л сар болгон 40 хувийн урамшуулал цалин авдаг байлаа. Гэхдээ Төрийн, салбарын, байгууллагын шагнал аваагүй ч сайн ажиллаад урамшуулал цалин авдаг зөндөө олон уран бүтээлч, ажилтан байсан. Урамшуулал цалинг ажлын хөшүүрэг болгож олгож байсан учраас уран бүтээлч, ажилтны хийсэн ажлын үнэлгээг маш зөв тодорхойлдог, урамшуулж чаддаг, бүтээлийнхээ чанар чансааг сайжруулахад их л том хөшүүрэг болсон гэж ойлгогддог.

-Төрөөс улсын төсвөөс олгодог санхүүжилтээрээ боох, гэнэт багасгах зэрэг асуудал гардаг байсан уу?

-Намайг ажиллаж байхад улсын төсвөөс бүх санхүүжилтийг олгодог байсан. Машин техник, тоног төхөөрөмжийн гээд уран бүтээлд шаардагдах бүх л зардлыг улсын төсвөөс шийдэж өгдөг, мөн нэвтрүүлгээ айл бүрийн хойморт хүргэхэд дахин дамжуулах станцад шаардагдах зардлыг хүртэл улсын төсвөөс олгодог байлаа. Байгууллагаас А-Я хүртэлх бүх зардлаа тодорхойлоод өгнө. Улс хянаад улсын төсвөөс санхүүжилт олгоно. Зардлаа яг л батлуулсан тодорхойлолтынхоо дагуу зарцуулах ёстой. Өөр зүйлд зарцуулчих юм бол зөрчил болоод акт тавигдана. Жишээлбэл, тайз засалд зарцуулах ёстой мөнгийг унаа уншинд зарцуулчихвал зүйл анги өөрчлөгдсөн байна гээд том асуудал үүснэ. Санхүүгийн шалгалт ирэхээр акт тавигдана, буруу зөрүү зарсан байвал төлбөр тавьдаг байлаа шүү дээ.

Миний бодоход тэр үед соён гэгээрүүлэх, ард түмэнд мэдээ мэдээлэл түгээх ажил маш өндөр хэмжээнд тавигддаг байсан. Монгол ардын хувьсгалт нам дангаараа засаг барьдаг. Ганцхан намын засаглал Монгол Улсад байсан учраас аль байгууллага байсан тодорхойлолтоо л зөв гаргавал шаардлагатай бүх зардлыг нь олгодог байсан шүү. Хааж боох, хасах танах гэсэн юм байгаагүй.

Жилийн дунд өнгөрөхөд болон сүүлээр хөдөө орон нутаг руу явахад машин техник, багаж тоног төхөөрөмж, мөнгө санхүү шаардлагатай болоход байгууллага нэмэлт зардлаа тодорхойлоод Сангийн яаманд хүргүүлэхэд Сангийн яам, Улсын төлөвлөгөөний комисс хуралдаад санхүүжилт хүрэлцэхгүй байгаа тохиолдолд нэмж олгодог байсан.

-Иргэний хамгаалалтын явуулын студи байгуулахаар болсон түүхийг яриач?

-1983 оны үе л дээ. Түүх юм даа. Хүйтэн дайны төгсгөл үе байсан учраас иргэний хамгаалалтын асуудал маш өндөр хэмжээнд яригддаг байсан. Байгууллага болгон хоргодох байрнаас эхлүүлээд иргэний хамгаалалтын объектыг шийдсэн байх хэрэгтэй байлаа. Болзошгүй байдал, үймээн болоход Монгол Улсын дуу хоолой болж, ард түмэндээ төрийн бодлого бүх л зүйлийг хүргэх чухал байгууллага бол хэвлэл мэдээллийн байгууллага, түүн дотроо радио, телевиз байсан. Шаардлага тийм байсан учраас манай байгууллагын дарга нар Төв аймгийн Баянчандманьд Иргэний хамгаалалтын явуулын студи байгуулах газар олгох хүсэлт гаргаж авч байсан. Яагаад гэхээр Төв аймгийн Баянчандманиас цаашаа иргэний хамгаалалтын зориулалтын объектууд байлаа шүү дээ. Муугаар бодоход Улаанбаатарт төв байранд ямар нэг асуудал үүслээ гэхэд эфирээ таслахгүйн тулд заавал явуулын студи байх ёстой. Энэ дагуу зөвшөөрлөө аваад одоогийн “Өргөн булаг” амралтын газрыг сонгосон юм. 1980-аад оны дунд үед модон материалын төвлөрсөн зах байгаагүй. Модон материал хаанаас олох вэ гэсэн асуудал үүссэн.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Мод боловсруулах комбинатын дарга дунд сургуулийн нөгөө ангийн маань хүүхэд байсан юм. Түүнд би хүсэлт тавьж, байгууллага ч зардал мөнгийг нь шийдэж өгснөөр модон материалаа олж авсан. Тэр үед ажиллаж байсан уран бүтээлч, ажилтнуудын гар хөл, сэтгэл цөм орсон. Жишээлбэл, Иргэний хамгаалалтын объект учраас суурийнх нь нүүхийг субботник зохион байгуулж очиж ухаж байлаа. Үндсэн ажлынхаа хажуугаар уран бүтээлч, ажилтнууд очиж ажиллаж байсан.

-Зарим хүн МҮОНРТ-ийг зөвхөн нэвтрүүлэгч, сэтгүүлч, уран бүтээлчдээр төсөөлөөд байдаг.

-Аливаа байгууллага арын албагүй буюу аж ахуй, үйлчилгээ, санхүү, инженер техникийн ажилтнуудгүй оршин тогтнохгүй шүү дээ. Дан уран бүтээлчид л ажиллалаа гэхэд цэвэрлэгээ үйлчилгээ, цахилгаан, дулаан, сантехник болон бусад хангамжийг нь хариуцдаг ажилтангүй, хүмүүсгүй бол ажил явахгүй шүү дээ. Үүнээс гадна бүх л аппарат техник хэрэгсэл, нарийн тоног төхөөрөмжийн ард хүн л ажилладаг. Тэр бүх хүний хөдөлмөр радио, телевизийн уран бүтээлчдийн санасан бодсон, төлөвлөсөн юмаа хийх бүх л нөхцөл боломжийг хангаж өгдөг материаллаг бааз болж байгаа юм.

-Тухайн үед төр засгаас радио, телевизийн техникийг шинэчлэх зардлыг тогтмол шийдэж өгдөг байсан уу?

-Тухайн үед ямар шинэ тоног төхөөрөмж байна авчирдаг байсан. Тухайлбал, Францаас явуулын станц авчирч байсныг санаж байна. Байгууллагаас хоцрогдолтой байгаа техник тоног төхөөрөмжийнхөө дараа үеийн техникийн үзүүлэлтийг танилцуулж, Улсын төлөвлөгөөний комисс, Намын төв хороонд гээд Төр засгийн эрх бүхий албан тушаалтанд хүсэлт хүргүүлнэ. Тэр бүхнийг шийдэж өгдөг байлаа. Төр засгаас ард иргэдийг соён гэгээрүүлэх, ард түмэнд мэдээ мэдээлэл түгээх ажлыг маш их анхаарч дэмждэг байсан.

-Ярилцлагаа таны уран бүтээл рүү шилжүүлье гэж бодлоо. Та эрдмийн ажлаас гадна нэлээд олон ном, дууны шүлэг туурвисан. Өөрийн уран бүтээлүүдээ танилцуулаач?

-Би МҮОНРТ-д маш олон уран бүтээлчтэй мөр зэрэгцэн ажилладаг сайхан найзууд байлаа. Тэтгэвэртээ гараад 2007 оноос хойш өөрийн сонирхлын дагуу уран бүтээл талын юм бага сага оролдож эхэлсэн. Том, жижиг нийлсэн дурсамж, эрүүл мэнд, шашин, танин мэдэхүйн гээд “Алтан шар зам”, “Идэр Булнайн эзэд”, “Эргэн дурсахад энгүй сайхан”, “Идэр Булнайн уянга” нэртэй арваад ном хэвлүүлсэн байна. Мөн бичсэн дууны шүлгээс минь арав гаруй нь дуу болсон, дөрвөн дуугаа клипжүүлсэн. Энэ зун гавьяат жүжигчин, дуучин Б.Батболдоор дуулуулсан аавын тухай дууныхаа клипийг хийх гээд уран бүтээлийн групптэйгээ ярьчихсан байна.

Миний анхны “Идэр ээж” дууны хөгжмийг “Чингис хаан” одонт, гавьяат жүжигчин, “Хү” хамтлагийн продюсер Б.Дашдондог зохиож, гавьяат жүжигчин У.Далантай дуулсан. Мөн “Тосонгийн сургууль минь” дууны хөгжмийг Б.Дашдондог зохиож, У.Далантай дуулсан. “Эргээд олдошгүй эрдэнэ”, “Нандин үерхэл” дууг минь мөн У.Далантай дуулсан. Миний дуунуудыг мөн соёлын тэргүүний ажилтан, Төмөр замын дуу, бүжгийн чуулгын дуучин Н.Дашдэмбэрэл, ЦЕГ-ын “Сүлд” чуулгын дуучин Б.Жавхлантөгс, Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгын дуучин Н.Шажинтөр нар дуулсан. Миний арваад дууны долоон дууных нь хөгжмийг миний хамтарч ажилладаг урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Цэвээнравдан зохиосон. Өнгөрсөн оны сүүлчээр “Идэр Булнайн аялгуу” нэртэй анхны цомгоо гаргасан. Би тэтгэвэрт гарснаасаа хойш арав гаруй жил шашны байгууллагад ажиллаж байна. Энэ хугацаанд малчны болон ханын, өврийн гэсэн арга, билгийн хосолсон тоололтой гурван төрлийн цаг тооны бичиг гаргалаа.

-Сүүлийн хариултыг танд асуултгүйгээр үлдээе.

-Уран бүтээлийн ариун сүм болсон энэ сайхан байгууллагад хамтран зүтгэж байсан бүх хүнийг эргэн дурсахад нэн таатай байдаг. Одоогийн ажиллаж буй залуучууд энэ байгууллагын уран бүтээлчид, ажилтнуудын өмнө тавигддаг зорилтоо сайхан биелүүлж, олон түмэнд үзүүштэй, харууштай, сонсууштай сайхан уран бүтээлүүд хийж, оюуны талх бэлдэж өгч байгаад маш их баярладаг. МҮОНРТ-ийн үе үеийн ахмадууд болон одоо ажиллаж буй уран бүтээлч ажилтнууддаа ажлын өндөр амжилт хүсч, аз жаргал сайхан сайхныг хүсэн ерөөе.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Ж.Банзрагч: Аливаа байгууллага арын албагүй буюу аж ахуй, үйлчилгээ, санхүү, инженер техникийн ажилтангүй оршин тогтнохгүй  
Үзсэн: 951 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй