Шууд Chart

Их долоогийн бүлгийн орнууд Украиныг тууштай дэмжихээ илэрхийлжээ

2022-06-29 13:00:12

Германы Баварт чуулсан Их долоогийн бүлгийн орнуудын удирдагчид Украиныг тууштай дэмжих болно гэдгээ батлан илэрхийлж байна.

Долоогийн бүлгийн орнууд Оросын алтны импортод хориг тавихаар шийдвэрлэснийг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мөн мэдэгдлээ. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский уржигдар Долоогийн бүлгийн удирдагчидтай видео холбоосоор уулзах үедээ Оростой хийж байгаа дайн маш эгзэгтэй үедээ байгааг цохон тэмдэглээд, Оросын дайралтыг сөрөх Украины зэвсэгт хүчний хүч нөөцийг нэмэгдүүлэх тусламж нэн чухал шаардлагатай байгааг онцлон хэлжээ. Дэлхий даяар эрчим хүчний түүхий эд болон наад захын хэрэгцээт бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг дагуулж байгаа дайны өртөг зардлаас Өрнөдийнхөн залхаж түүртэж байж болзошгүй гэдэг болгоомжлол яригдах болсон үед Долоогийн бүлэг Украинд шинээр үзүүлэх тусламжууд болон Москвагийн эсрэг шинэ хоригуудаа ийнхүү зарлаж байна. Мөн тус бүлэг үнийн өсөлтийг тогтоон барих арга замуудаар зөвшилцөн Сангийн сайд нарын түвшинд нарийн ширийнийг хэлэлцэн тохирох мэдээлэлтэй байна. Гэхдээ нефтийн үнэ, Хятад, Энэтхэгтэй тохиролцоонд хүрэхээс нааш энэ тогтоон барих чиг бодлого хэр үр нөлөөтэй байх тухайд шинжээчид эргэлзэнгүй хандаж байна.

Долоогийн бүлэг мөн Украинд эн тэргүүнд шаардлагатай тусламжууд үзүүлэхээс гадна эдийн засгийг нь сэргээх урт хугацааны төлөвлөгөө боловсруулахаа илэрхийлж байна. АНУ “газар-агаар” ангиллын сүүлийн үеийн пуужингийн цогцолбор Украинд зориулж худалдан авах болсноо мэдэгджээ. Оросын талаас Украины нийслэл Киев хот руу пуужин харвасны маргааш Вашингтоны энэ шийдвэрийг зарлаж таарлаа. Мөн даваа гарагт Украины төвийн бүсийн Кременчук хотын томоохон худалдааны төвд оросууд пуужингийн цохилт өгсөн хэрэг явдлын дараа Украины албаныхан агаарын довтолгооноос хамгаалах систем нэн шаардлагатай байгаа тухай мэдэгдэж байгаа юм байна. Хөл хөдөлгөөн ихтэй тус худалдааны төвд болсон пуужингийн цохилтын улмаас сүүлийн мэдээгээр 16 хүн амь эрсдэж 60 гаруй хүн гэмтэж бэртжээ. Энэ тоо цаашид өсөх төлөвтэй байна. Долоогийн бүлгийн удирдагчид энэ тухайд хамтарсан мэдэгдэлдээ “Ямар ч гэм зэмгүй энгийн иргэдийн эсрэг ийм халдлага үйлдсэн нь “жигшүүртэй” бөгөөд “дайны хэрэг”” гэж цохон дурджээ. “ОХУ-ын Ерөнхийлөгч Путин болоод энэ халдлагад буруутай хэн бүхнийг хариуцлагад татах болно, 124 дэх хоногтоо үргэлжилж байгаа утга учиргүй дайн, Оросын түрэмгийллийн эсрэг бид Украиныг тууштай дэмжсээр байх болно гэдгээ баталж байна” гэж Долоогийн бүлгийн удирдагчид мэдэгдэлдээ дурдсан байна. Украины Ерөнхийлөгч Зеленский энэ халдлагыг “Европын түүхэн дэх хамгийн эрээ цээргүй алан хядах ажиллагаа” гэж нэрлэжээ. Мөн Кременчукийн худалдааны төв дэх халдлагатай холбогдуулж, НҮБ-ын АЗ өчигдөр тусгай хуралдаан зарласан.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Их долоогийн бүлгийн орнууд Украиныг тууштай дэмжихээ илэрхийлжээ  
Үзсэн: 406 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй