Шууд Chart

НАТО-гийн дээд хэмжээний уулзалт Мадридад эхэлнэ

2022-06-29 13:09:34

Цэрэг батлан хамгаалахын дэлхийд томоохон эвсэл НАТО-гийн удирдагчид Испанийн нийслэл Мадридад цуглаж байна. Украины дайны улмаас дэлхийд түгшүүртэй байдал газар аваад байгаа үед болж байгаа энэ уулзалтаар  НАТО Европын зүүн жигүүр дэх хүч нөөцөө зузаатгах, Швед, Финланд улсыг гишүүнчлэх, Украиныг эгнээндээ нэгтгэх эсэх зэрэг олон асуудлыг авч хэлэлцэх төлөвтэй байна.

Мөн НАТО-гийн дараагийн 10 жилд баримтлах шинэ стратегийг тус дээд уулзалтаас тодорхойлох юм байна. Хүйтэн дайн дууссан цагаас энэ эвсэл стратегийн үзэл баримтлалаа 10 жил тутам шинээр тодорхойлж заншсан. Сүүлд 2010 онд Португалийн Лиссабонд болсон дээд уулзалтаас ийм баримт бичиг баталж байжээ. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг уржигдар сэтгүүлчидтэй уулзах үедээ энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаас ямар хүлээлттэй байгаа тухайдаа товч мэдээлэл өгсөн. Тухайлбал, эвслийн шуурхай хүчний бие бүрэлдэхүүнийг 8 дахин нэмэгдүүлж, 300 мянга болгох төлөвлөгөөний талаар ярьжээ. Түүний хэлснээр энэ нь тус эвслийн хамтын батлан хамгаалах, тогтоох барих хүчинд хийгдэх хамгийн томоохон өөрчлөлтийн нэг хэсэг болох учиртай юм. Одоогийн байдлаар энэ хүчинд шаардлагатай цэгт нэн даруй байршин ажиллах чадамжтай 40 мянган цэрэг байдаг аж. НАТО шинэ үзэл баримтлалдаа түүнчлэн ОХУ-ыг хойшид “стратегийн түнш” орон гэж үзэхгүй болж байна. Эсрэгээрээ Оросыг эвслийнх нь орнуудын аюулгүй байдалд хамгийн ноцтой бөгөөд шууд аюул занал учруулж байгаа улс гэж авч үзэх болж байгаа юм. Мөн НАТО-гийн стратеги үзэл баримтлалд анх удаа Хятадын талаас учирч болзошгүй аюулгүй байдлын сорилтуудыг тусгаж өгөх гэж байна. Энэ жилийн уулзалтын бас нэг сэдэв Швед, Финланд улсыг эгнээндээ нэгтгэх талаар юм. Гэхдээ эвслийн гишүүн Турк улс Скандинавын хойгийн энэ 2 улсыг алан хядагч байгууллага гэж өөрийнх нь үздэг Курдын ажилчны нам болон бусад бүлэглэлийнхэнд орогнол олгож ивээдэг гэх шалтгаанаар эвсэлдээ нэгтгэх замд нь “хөндөлсөн” хатуу байр сууриа хадгалж байна. Энэ асуудлаар Столтенберг өчигдөр туркийн Ерөнхийлөгч Эрдоган, Шведийн Ерөнхий сайд Магдалена Андерссон болон Финландын Ерөнхийлөгч Саули Ниинистё нартай уулзах товтой байна. Кремлийг хэзээнээсээ эрс эсэргүүцэж ирсэн НАТО-д Дорно зүгт тэлэх, тэр дундаа Украиныг элсүүлж авах асуудлыг энэ удаад харин тухайлан хэлэлцэхгүй гэж ажиглагчид үзэж байна. Украины хувьд өнөөгийн нөхцөлд НАТО-гоос илүүтэй Европын холбоонд элсэх нь нэн тэргүүлэх зорилт болж байгааг тэд тэмдэглэж байна. НАТО-гийн дээд хэмжээний уулзалтаар нэлээд өргөн хэлэлцэх асуудлын тоонд гишүүн орнууд нь батлан хамгаалах зардалдаа хэр их хөрөнгө зарж байгаа, энэ зардлыг өсгөх асуудал байхаар байгааг шинжээчид тэмдэглэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НАТО-гийн дээд хэмжээний уулзалт Мадридад эхэлнэ  
Үзсэн: 344 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй