Шууд Chart

БНТУ Швед, Финландыг НАТО-д элсүүлэхийн эсрэг тавьсан хоригоо цуцаллаа

2022-06-30 12:22:38

Турк улс Швед, Финланд улсыг НАТО-д гишүүнээр элсүүлэхийн эсрэг тавьсан хоригоо цуцалж байна. Испанид болж байгаа НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын өмнөхөн НАТО, Турк, Швед, Финландын эрх баригчид дөрвөн талт уулзалт хийсний дүнд Анкара хоригоо цуцлах, харин Швед, Финланд улс Туркийн тавьсан шаардлагуудыг хүлээж авахаар тохиролцож, гурван улс санамж бичиг байгуулжээ. Ингэснээр

Тохиролцооны хүрээнд Турк хоригоо цуцалж, Швед, Финланд улс Туркийн алан хядагч гэж үздэг байгууллагуудыг дэмжихгүй байх, 2019 онд Турк Сирийн хойд нутагт байлдааны ажиллагаа явуулж эхэлсэнтэй холбогдуулж тавьсан зэвсэг худалдаалах хоригоо цуцлах, Турк улсад алан хядагч гэж сэжиглэгдэж байгаа иргэдийг Швед улс нутаг буцаах, албадан гаргах, Туркийн эсрэг алан хядагч байгууллагуудын суртал ухуулга хийлгэхгүй байхаар амласан байна. Швед, Финланд нь олон жил баримталж ирсэн төвийг сахих бодлогоосоо татгалзаж, НАТО-д элсэх өргөдлөө өнгөрсөн сард гаргасан. Гэвч НАТО-гийн гишүүн Турк “алан хядагчид” гэж үздэг Курдын салан тусгаарлагчдыг нутаг дэвсгэртээ орогнуулдаг, зэвсгийн хориг тавьсан гэсэн шалтгаанаар энэ хоёр улсын хүсэлтэд ганцаараа хориг тавьсан. Эдгээр улсууд НАТО-гийн гишүүн Туркийн дэмжлэггүйгээр НАТО-д элсэх боломжгүй байсан. Учир нь НАТО-д шинэ улс элсүүлэхэд бүх гишүүн 30 улс санал нэгдсэн байх ёстой байдаг. Скандинавын эдгээр улсууд өрнөдийн цэргийн эвсэлд гишүүн болсноор аюулгүй байдлаа баталгаажуулна. Нөгөө талаар НАТО зүүн тийш улам өргөжин тэлж, Оросын баруун хойд хилтэй шууд хиллэх юм. НАТО-гийн гэрээний дагуу гишүүн аль нэг улсад нь гаднаас халдсан нөхцөлд бүх гишүүн улсад халдсан гэж үзэж, эвслийн хэмжээнд цэрэг батлан хамгаалахын хариу арга хэмжээ авахаар заасан байдаг.

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг: “Бид хамтдаа хийсэн ахиц дэвшлийн хүрээнд Турк Финланд, Швед хоёрыг НАТО-Д элсэхийг дэмжихээр тохирлоо. Оросын Ерөнхийлөгч Путин НАТО-г өөрийн хил рүү улам ойртуулж байна. Бидний энэ түүхэн шийдвэр НАТО-гийн үүд хаалга нээлттэй гэдгийг харуулж байна” гэв.

ОХУ эдгээр улсыг НАТО-д элсэхийг эрс эсэргүүцэж ирсэн. Москва Украинд дайн хийх урьдчилсан нөхцөл нь НАТО-г зүүн тийш тэлсэнтэй холбоотой гэж тайлбарлаж байгаа. Гэвч Оросын Украинд хийж байгаа дайн Швед, Финландын НАТО-гийн далбаан дор орох үйл явцыг улам түргэсгэж байна, энэ бол Оросын хувьд геополитикийн хувьд маш том цохилт гэж шинжээчид үзэж байгаа юм. Их долоогийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын дараахан Испанид эхэлж байгаа НАТО-гийн энэ удаагийн дээд уулзалтаар Өрнөдийн орнууд Орост үзүүлэх шахалтаа нэмэгдүүлэх талаар хэлэлцэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНТУ Швед, Финландыг НАТО-д элсүүлэхийн эсрэг тавьсан хоригоо цуцаллаа  
Үзсэн: 345 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй