Шууд Chart

ОХУ-ын Ерөнхийлөгч Төв Азийн улсуудад ажлын айлчлал хийж байна

2022-06-30 12:31:13

Нөгөө талаараа ОХУ Өрнөдөөс ирж байгаа дарамт, шахалтын эсрэг хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улстай нэгдмэл байр суурьтай байгаагаа харуулах зорилготой айлчлал гэж ажиглагчид үзэж байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Тажикстаны Ерөнхийлөгч Эмомали Рахмонтой хэлэлцээ хийжээ. Тэдний хэлэлцээний гол сэдэв нь хоёр орны эдийн засаг, цэрэг батлан хамгаалахын технологийн хамтын ажиллагаанд чиглэсэн. Мөн Афганистаныг сэргээн босгох тухай сэдэв багтсан гэж Оросын Ерөнхийлөгчийн туслах Юри Ушаков мэдэгджээ. Орос нь Тажикстаны хувьд худалдаа, эдийн засгийн гол түнш улс. Энэ оны эхний таван сард гэхэд Тажикстан, Оросын худалдааны эргэлт 50 хувиар өссөн гэж Рахмон Путинтэй уулзах үедээ мэдэгдсэн байна. Рахмонтой хийсэн хэлэлцээний өөр нэг чухал хэсэг нь Тажикстаны Афганистантай хиллэдэг 1357 км газар нутгийн аюулгүй байдлыг сайжруулахад авах арга хэмжээний талаар байсан болов уу гэж Өрнөдийнхөн таамаглаж байна. Тажикстан нь Афганистанаас Исламын хэт тулгуур үзэл тархахаас болгоомжилдог. Мөн тус улс Афганистанаас геройн, опиум хууль бусаар хил давуулах гол зам нь болдог юм байна. Үүний зэрэгцээ ОХУ-ын хилийн чанад дахь цэргийн хамгийн том бааз Тажикстанд байрладаг. Тэнд Оросын 7 мянга гаруй цэрэг байрлаж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Путины айлчлал өчигдөр Туркменистанд үргэлжилсэн. Тэрбээр Иран, Азербайжаныг багтаасан Каспийн тэнгистэй хил залгаа таван орны дээд хэмжээний уулзалтанд оролцож байна. Каспийн тэнгисийн бүс нутаг нь байгалийн баялгийн асар их нөөцтэйд тооцогддог.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Төв Азийн улсуудад ажлын айлчлал хийж байна  
Үзсэн: 420 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй