Шууд Chart

АНУ ОХУ-ын алтны импортод хориг тавилаа 

2022-06-30 13:01:59

Энэ хоригт Оросын төв банк, Үндэсний баялгийн сан, Оросын Сангийн яамны алттай холбоотой бүх гүйлгээ хамаарах юм байна. Алт нь ОХУ-ын эрчим хүчний дараа орох экспортын хоёр дахь гол бүтээгдэхүүн учраас энэ хориг Москвагийн эдийн засгийн чадавхыг сулруулна гэж Вашингтон үзэж байна. 

Германд Их долоогийн бүлгийн эрх баригчид Оросыг олон улсын санхүүгийн системээс шахах арга хэмжээг чангатгах, Оросын эдийн засгийг сулруулах үүднээс алтны импортыг хориглохоор санал нэгдсэн юм. Энэ хүрээнд Америк Кремлийн Украинд хийж байгаа дайны эсрэг хориг арга хэмжээгээ чангатгаж, Оросын экспортын орлогын гол эх үүсвэрийн нэг алтны импортод хориг тавьж байгааг Сангийн яам нь мэдэгджээ. Мөн Сангийн яам нь Оросын батлан хамгаалах аж үйлдвэрлэлтэй уялдаа холбоотой ажилладаг 70 гаруй байгууллагыг хоригийн жагсаалтад нэмсэн байна. Тухайлбал, Оросын төрийн өмчит батлан хамгаалах салбарын магнат Ростек компани, ачааны хүнд даацын автомашин үйлдвэрлэгч Камаз, түүнтэй хамтарч ажилладаг компаниуд, Сансрын төв, Эрхүү корпорац зэрэг компаниудыг хоригт оруулжээ.  Хориг арга хэмжээний хүрээнд Америкийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд болон Оросын хувь хүний эзэмшиж байгаа хөрөнгийг царцааж, Америкийн хувь хүн, аж ахуй нэгжүүдийг Гадаад хөрөнгийн хяналтын албаны зөвшөөрөлгүй бол тэдгээр компаниудтай бизнес хийхийг хориглож байна. Америк дахь Оросын ЭСЯ болон Ростек компанийн зүгээс энэ хоригтой холбогдуулж хариу мэдэгдэл хийгээгүй байна. Америкийн засаг захиргаа 2 дугаар сарын 22-ноос хойш ОХУ-ын 1207 аж ахуй нэгж, хувь хүнд эдийн засгийн хориг арга хэмжээ авчээ. Орос хоригт орж, царцаагдсан их хэмжээний валютыг нөхөхийн тулд алт олборлолтоо эрчимжүүлж, Төв банк нь дотоодоосоо алт худалдан авалтаа эхлүүлж байгаагаа зарласан нь мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг өсгөх нэг арга гэж зах зээл харж байсан. Алт олборлолтоороо дэлхийд тэргүүлэгчдийн нэг ОХУ өнгөрсөн онд гэхэд алтны экспортоосоо 15 тэрбум америк долларын орлого олсон байна. Оросын Төв банкны нөөцөд байгаа алт нь 100-140 тэрбум америк долларын үнэлгээтэй гэж тооцогдож байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ ОХУ-ын алтны импортод хориг тавилаа   
Үзсэн: 635 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй