Шууд Chart

АНУ эмнэлгүүддээ сармагчны цэцэг өвчний 300 мянган тун вакцин хуваарилна

2022-06-30 13:06:58

Мөн уг өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс шинжилгээ хийх үйл явцыг өргөжүүлэхээр болсон байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Байдены засаг захиргаа сармагчны цэцэг өвчний тархалтыг хязгаарлахын тулд ямар хариу арга хэмжээ авч байгаагаа зарлажээ. Тухайлбал, халдварын тохиолдлыг цаг алдалгүй илрүүлэхийн тулд мужийн эмнэлгүүдэд шинжилгээ хийх хүчин чадлыг өргөжүүлэх юм байна. АНУ-ын Халдвар өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр сармагчны цэцэг өвчин 49 улс орон газар нутагт 4769 тохиолдол батлагдсан байна. Тэдгээр тохиолдлын 300 гаруй нь АНУ-д бүртгэгджээ. ДЭМБ сармагчны цэцэг өвчний вирусийг хүн хоорондын ойр харилцааны үед хүнээс хүнд халдварлана гэж сэрэмжлүүлж байгаа. Харин энэ өвчний тархалтыг нийтийн эрүүл мэндэд аюул учруулахуйц түвшинд хүрээгүй гэж үзсэн. Одоогоор сармагчны цэцэг өвчний эсрэг хийх зөвшөөрөлтэй цорын ганц вакциныг Данийн биотехнологийн Бавариан Нордик компани үйлдвэрлэж байна. Копенгагенд төвтэй тус компани вирус тархаж эхэлснээс хойш дэлхийн хэд хэдэн улстай шинээр гэрээ байгуулсны дотор уг вакциныг зөвшөөрсөн АНУ багтаж байна. Америкийн Хүнс, эмийн удирдах газар салхин цэцэг өвчний вакциныг сармагчны цэцэг өвчний эсрэг хийх зөвшөөрлийг 2019 онд олгож байсан юм. Америк тус компаниас цэцэг өвчний вакцин 500 мянган тунг нэмж авахаар захиалга өгсөн байна. Одоо Данийн биотехнологийн компани цэцэг өвчний вакциныг сармагчны цэцэг өвчний эсрэг хийх зөвшөөрлийг Европын холбооноос авахаар хүлээж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ эмнэлгүүддээ сармагчны цэцэг өвчний 300 мянган тун вакцин хуваарилна  
Үзсэн: 949 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй