Шууд Chart

Ши Жиньпин: Нэг улс хоёр систем зарчмыг урт хугацаанд үргэлжлүүлнэ

2022-07-02 12:33:13

Хонгконг Британийн колониос гарч БНХАУ-ын мэдэлд эргэн ирснээс хойш 25 жил өнгөрч байна. Ойн хүрээнд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хонгконгд баримталсан Нэг улс хоёр систем зарчим Хонгконгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдал, Хятадын тулгуур ашиг сонирхлыг хамгаалахад үүргээ гүйцэтгэснийг хүлээн зөвшөөрч, энэ бодлогыг цаашид урт хугацаанд үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна.

Нэг улс хоёр систем зарчим нь Британи Хонгконгийг шилжүүлж өгөхдөө Хятадтай байгуулсан гэрээнээс үүдэлтэй. Хонгконгийн хуульд тусгагдсан байдаг. Уг гэрээний дуусах хугацаа нь 2047 он. Энэ зарчмын дагуу Хонгконг нь бие даасан байдлыг хангаж, үг хэлэх, эвлэлдэн нэгдэх болон Эх газрын Хятадад байдаггүй бусад эрхийг хамгаалах эрхтэй байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд эх газрын Хятад Хонгконг дахь хяналтаа чангатгаж, үг хэлэх эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг боомилсон хуулийн шинэчлэлт хийсэн гэж Өрнөдийн зүгээс шүүмжлэл хүлээж байгаа юм. 2020 онд Хятадын Засгийн газар Хонгконгийн үг хэлэх эрх чөлөө, эсэргүү үзлийг дарах агуулгатай Үндэсний аюулгүй байдлын шинэ хуулийг танилцуулсан. Үүнийг Британи Хятад улс байгуулсан гэрээ болон Нэг улс хоёр систем бодлогоо зөрчсөн алхам болсон гэж буруутгаж байгаа юм. Гэхдээ Хятадын Дарга энэ зарчим олон удаагийн сорилтыг давсан нь ийм сайн тогтолцоог өөрчлөх ямар ч шалтгаан байхгүй гэж мэдэгдсэн нь Хятад улс улс төрийн энэ загварыг хадгалах сонирхолтой байгааг илтгэж байна гэж зарим хэвлэлд онцолжээ.

БНХАУ-ын Дарга Ши Жиньпин: “Нэг улс хоёр систем зарчим бол өмнө нь хэзээ ч байгаагүй агуу санаачилга. Үүний үндсэн зорилго нь Хятадын үндэсний бүрэн эрхт, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг хамгаалах, Хонгконг, Макаогийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг урт хугацаанд хадгалахад чиглэсэн. Төв засгийн газраас хийсэн энэ бүх зүйл манай улс, Хонгконг, Макаогийн элэг нэгтнүүдийн эрх ашиг, сайн сайхны төлөө юм” гэсэн байна.

Хятадын даргын Хонгконд хийсэн айлчлал Бээжин Хонгконгийг захирах эрх мэдлээ бэхжүүлснээс хойш хийж байгаа анхны айлчлал юм. Харин Хонгконгийн олон мянган оршин суугч 25 жилийн ойг тохиолдуулан ардчиллаа улам бэхжүүлэхийг уриалж жагссан байна. Хонгконгийн цагдаа нар жагсаалын үеэр хүчирхийлэл, эмх замбараагүй байдал үүсгэхгүй байхыг жагсагчдад анхааруулжээ. Ойн үйл ажиллагааны хүрээнд аюулгүй байдлыг хангахаар 30 гаруй мянган офицерыг дайчилсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ши Жиньпин: Нэг улс хоёр систем зарчмыг урт хугацаанд үргэлжлүүлнэ  
Үзсэн: 415 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй