Шууд Chart

ОХУ газрын тос, байгалийн хийн “Сахалин-2” төслийг хэрэгжүүлэгч компанийг солино

2022-07-02 13:06:33

ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Сахалин-2” төслийн хувьцаа эзэмшигч гадны компаниуд энэхүү шинэ нөхцөлийг хүлээж авах эсэхээ нэг сарын дотор Оросын Засгийн газарт мэдэгдэх шаардлагатай юм байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин уг төслийн оператор “Сахалин энержи” хөрөнгө оруулалтын компанийг шинээр байгуулагдсан “Газпром Сахалин холдинг” компаниар солих тухай зарлигт уржигдар гарын үсэг зуржээ. Тус зарлигт Оросын үндэсний ашиг сонирхол болон эдийн засгийн аюулгүй байдлын үүднээс ийм шийдвэр гаргасан тухай тусгажээ. “Сахалин энержи” компанийн гадаад хувьцаа эзэмшигчид Оросын төрөөс тавих нөхцөлийг зөвшөөрсөн тохиолдолд шинэ компанид хувьцаа эзэмшигчээрээ үлдэх боломжтой юм байна. Харин татгалзвал Японы “Мицуй ко”, “Мицубиши” корпораци “Сахалин-2” төсөлд оруулсан хөрөнгө оруулалтаа алдана гэсэн үг. ОХУ-ын төрийн өмчит байгалийн хийн “Газпром” компани “Сахалин энержи” компанийн хувьцааны 50 хувийг эзэмшдэг. Харин Британийн газрын тосны магнат “Шелл” хувьцааны 27,5, Японы “Мицуй ко” 12,5, “Мицубиши” корпораци 10 хувийг тус тус эзэмшдэг юм байна.

“Сахалин-2” төсөл жилд 10 сая тонн шингэрүүлсэн байгалийн хий үйлдвэрлэдэг, үүний 6 сая тонныг Япон улс руу экспортолдог юм. Энэ төслөөс Японы шингэрүүлсэн байгалийн хийн импортын 10 хувийг хангаж байна. Путины энэ шийдвэр уг төслийн хамгийн гол хөрөнгө оруулагч Японы хоёр компанийг төслөөс хасах вий гэсэн болгоомжлолыг бий болголоо. Хэрвээ Японы компаниудыг “Сахалин-2” төслөөс хасвал, тэдний ашиг орлогод нөлөөлнө. Өчигдөр өглөө Японы Засгийн газрын орлогч сайд мэдээлэхдээ Японы Засгийн газар “Сахалин-2” төсөл дэх Японы ашиг сонирхлыг хамгаалах, шингэрүүлсэн байгалийн хийн импортод хэрхэн нөлөөлөх талаар судалж байна. Энэ төсөл дэх Японы ашиг сонирхлыг хөсөрдүүлж болохгүй гэж мэдэгджээ.

ОХУ Украинд цэрэг оруулсны дараа 2 дугаар сард Британийн газрын тосны магнат “Шелл” “Сахалин-2” төслөөс гарна гэдгээ мэдэгдсэн.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ газрын тос, байгалийн хийн “Сахалин-2” төслийг хэрэгжүүлэгч компанийг солино  
Үзсэн: 445 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй