
Өрнөдийн орнууд Украинд хийж байгаа дайнтай холбогдуулж, ирэх 11 дүгээр сард Индонезийн Бали аралд болох “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтаас ОХУ-ын Ерөнхийлөгч Путиныг хасахыг шаардаж байгаа юм. Харин Индонезийн Ерөнхийлөгч Москвад хийсэн айлчлалынхаа үеэр ОХУ-ыг “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохыг урьжээ. Энэ мэдээллийг Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков баталсан байна.
Уулзалтын үеэр Индонезийн Ерөнхийлөгч Украины үр тарианы экспорт гацсанд санаа зовниж байгаагаа илэрхийлжээ. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч улаан буудайн экспорт гацсанд урьдын адил Украины цэргүүдийг буруутгасан байна. Тэрбээр хэн ч тэднийг мина устгаж, үр тариагаа ачаад явахыг зогсоогоогүй, бид аюулгүй байдлыг нь хангаж байгаа гэж мэдэгдсэн байна. Мөн Путин дэлхийн хүнсний хямралыг тойрсон нөхцөл байдлыг хүндрүүлэхгүйн тулд арга хэмжээ авах шаардлагатайг онцолжээ. Хоёр удирдагч хамтарсан хэвлэлийн хурал хийсний дараа Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Песков “Энэ бол дэлхийн эдийн засагт гол анхаарлаа хандуулдаг эдийн засгийн формат, Оросгүйгээр дэлхийн эдийн засгийг ярих боломжгүй” гэж мэдэгджээ. Индонезийн Төрийн тэргүүн Оросын Украинд хийж байгаа дайны сүүдэр дор “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулах зорилтын хүрээнд Украин, ОХУ-д айлчилж байгаа юм. Индонезийн Ерөнхийлөгч лхагва гарагт Киевт айлчилж, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзалт хийсний зэрэгцээ, Зеленскийг “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохыг дахин урьсан юм. Путины хувьд “Хорийн бүлэг”-ийн даргатай уулзах замаар олон улсын талбарт өөрийн оролцоог нэмэгдүүлэхийг чармайж байна гэж ажиглагчид үзэж байна.
Хорийн бүлэгт, Австрали, Канад, Саудын Араб, АНУ, Энэтхэг, ОХУ, Өмнөд Африк, Турк, Аргентин, Бразил, Мексик, Франц, Герман, Итали, Британи, Хятад, Индонези, Япон, БНСУ, Европын холбоо зэрэг дэлхийн ДНБ-ий 90 хувийг бүрдүүлдэг, аж үйлдвэржсэн болон хөгжиж байгаа 20 улс багтдаг. Хорийн бүлэгт олон улсын худалдааны 75-80 хувь, дэлхийн хүн амын гуравны хоёр, хуурай газрын 50 хувь хамаарч байна. Энэ бүлэг олон улсын санхүүгийн тогтвортой байдал, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, тогтвортой хөгжил зэрэг дэлхийн эдийн засагтай холбоотой гол асуудлуудад анхаарч ажилладаг.
Индонез улс ОХУ-ыг “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохыг урилаа | ||
Үзсэн: 544 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.