Шууд Chart

Дэлхийн аялал жуулчлал аажмаар сэргэж байна

2022-07-02 14:01:20

Гэхдээ вакцинжуулалтын үр дүнд улс орнууд цар тахлын хорио, хязгаарлалтаа сулруулснаар аялал жуулчлал эргээд сэргэж байна. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын мэдээлснээр 2022 оны эхний улиралд жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс гурав дахин буюу 182 хувиар өссөн байна.

Дэлхий даяар олон газар ялангуяа цар тахлын хөл хориог сулруулсан газруудад аялал жуулчлал эрс идэвхжиж байна. Цар тахал гарснаас хойших хугацаанд энэ оны 3 дугаар сард аялал жуулчлалын салбарт хамгийн их өсөлт гарч, жуулчдын тоо 2019 оны мөн үеийн түвшингээс 50 хувьд хүрч өсчээ. Гэхдээ инфляц, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн саатал, цар тахлын тархалт эргээд сэргэж байгаа, ажиллах хүчний хомсдол, нислэгийн компаниудын ачаалал хэтрэх зэрэг олон сорилт, тодорхойгүй байдлаас шалтгаалж аялал жуулчлал 2024 он хүртэл бүрэн сэргэхгүй гэж аялал жуулчлалын байгууллагууд тооцож байна.

АНУ-ын жуулчид Италид бөөн бөөнөөрөө бууж байна. Ялангуяа Улаан өндөгний баярын өмнө Италийн Ром хотод Колизей театр, Сикстин сүм зэрэг түүхэн дурсгалт газруудыг зорьсон жуулчдын тоо эрс нэмэгджээ. Итали улс 4 дүгээр сард цар тахлын хөл хориогоо сулруулсны дараа Америкаас урьд өмнө байгаагүй олон жуулчны захиалга авчээ. Хүний эрэл хайгуул хийх хүсэл эрмэлзэл коронавирусний халдвар, инфляцын өсөлтийг үл харгалзан аялал зугаалгыг эрэлхийлж байгаагаас нислэгийн суудал хүрэлцэхгүйд хүрч байна гэж Италийн аяллын компаниуд мэдээлжээ.

Харин Израил улс 2019 оны дээд амжилт тогтоосон тоотой адил буюу 4.5 сая жуулчин хүлээж авахаар чармайж байна. Бүх хязгаарлалтыг цуцалсан ч Израил улс энэ жил 2 сая жуулчин хүлээж авах хүлээлттэй байна. Харин Энэтхэгт аялал жуулчлал сэргэж байгаад худалдаа бизнес эрхлэгчид нь баяртай байна. Энэтхэг цар тахлын өмнө 2019 онд жилд 11 сая жуулчин хүлээж авсан бол энэ онд 4 сая жуулчин хүлээж авахаар тооцож байна.

Мөн жуулчдын очих дуртай газруудын нэг Грек улс цар тахлын хязгаарлалтаа сулруулж, олон сая жуулчин хүлээж авахаар найдаж байна. Тус улс 2019 онд 34 сая жуулчин хүлээн авч байсан бол 2020 онд 7.4 сая, 2021 онд 14.7 сая жуулчин хүлээн авчээ. Цар тахлаас өмнө Грекийн эдийн засгийн 12,5 хувийг аялал жуулчлал бүрдүүлж байжээ.

Түүнчлэн Эффлийн цамхгаараа алдартай Парис хот хөл хориогоо сулруулснаар жуулчдын урсгал сэргэж, улмаар жуулчдын тоог 2020 оны түвшинд хүргэхээр зорьж байна.   

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхийн аялал жуулчлал аажмаар сэргэж байна  
Үзсэн: 467 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй