Шууд Chart

БНЭУ нэг удаагийн хэрэглээний 19 төрлийн гялгар уут, хуванцар бүтээгдэхүүнийг хориглолоо

2022-07-02 14:48:09

1.4 тэрбум хүн амтай Энэтхэг улс хог хаягдлыг бууруулах урт хугацааны төлөвлөгөөний хүрээнд нэг удаагийн хэрэглээний гялгар уут, хуванцар бүтээгдэхүүн хэрэглэхийг хориглож байна. Эхний ээлжид өргөн хэрэглэгддэггүй ч хог хаягдал болдог 19 төрлийн хуванцар эд зүйлийг тогтоож, үйлдвэрлэх, импортлох, нөөцлөх, түгээх, худалдан борлуулахыг хоригложээ. Эдгээрт нэг удаагийн хэрэглээний хуванцар аяга, зайрмагны савх зэрэг багтсан байна.

Мөн зарим төрлийн нэг удаагийн нимгэн гялгар уутыг хэрэглээнээс хасаж, зузаан уутаар сольж байна. Цэвэр ус, ундааны сав, шарсан төмсний уут зэрэг бусад олон төрлийн хуванцар бүтээгдэхүүнийг энэ удаагийн хоригоос хасчээ. Гэхдээ холбооны Засгийн газар нь үйлдвэрлэгчдэд тэдгээр нэг удаагийн гялгар, хуванцар эдлэлийг хэрэглэсний дараа устгах, дахин боловсруулах үүрэг хариуцлага ноогдуулсан байна. Энэтхэгийн Засгийн газар хориглож байгаа бүтээгдэхүүнийг хулсан халбага, модон тавиур, зайрмагны модон савх гэх мэтээр орлуулах хувилбарыг судалж байгаа юм. Гэхдээ Энэтхэгийн худалдаа эрхлэгчид энэ хориг бодитоор хэрэгжинэ гэдэгт эргэлзэж байгаагаа  илэрхийлжээ. Шинэ Дэли хотод хүнсний ногооны худалдаа эрхлэгчид гялгар уутны хэрэглээг зогсоовол илүү үнэтэй уут худалдаж авах шаардлага тулгарна, ингэснээр ашиг орлого нь буурна гэж үзэж байна.

Тус улс өмнө нь тодорхой муж орон нутагт энэ төрлийн бүтээгдэхүүнийг хориглосон ч зарим хэсэгт амжилттай, зарим газарт амжилт олоогүй байна. Иймээс одоогийн хоригийн хэрэгжилтийг муж болон хотын захиргааны байгууллагуудын мэдэлд төвлөрүүлэх ажээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНЭУ нэг удаагийн хэрэглээний 19 төрлийн гялгар уут, хуванцар бүтээгдэхүүнийг хориглолоо  
Үзсэн: 365 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй