Шууд Chart

Улаанбаатар, Анкарагийн харилцаа улам өргөжинө

2013-07-23 09:21:43

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Бат-Эрдэнэ тэргүүтэй Улаанбаатар хотын төлөөлөгчид 2013 оны 7 дугаар сарын 22-нд Анкара хотноо айлчилж,  тус хотын дарга, ноён Мелих Гөкчек-тэй уулзаж ярилцав.

Т.Бат-Эрдэнэ Улаанбаатар, Анкара хотуудын харилцааг цаашид өргөтгөх, тухайлбал, нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах, хотын ногоон байгууламжуудыг нэмэгдүүлж, агаарын бохирдлыг бууруулах талаар Анкара хотын туршлагыг судлах, хамтран ажиллах, төсөл хэрэгжүүлэх тухай ярьж, санал бодлоо илэрхийлэв. Мөн Монгол Улсад зочлохыг урьсан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн урилгыг ноён Мелих Гөкчек-т гардуулав.

Ноён М.Гөкчек Э.Бат- Үүл даргад баярласнаа илэрхийлж, мэндчилгээ уламжилж өгөхийг хүсээд бололцоотой үед Улаанбаатарт дуртайяа зочилно гэв. Анкара хотын дарга Монгол Улсын нийслэлд өрнөж байгаа шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлын талаар сонирхож, цаашид хоёр нийслэлийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг Анкара хотноо болсон Монгол, Түркийн эдийн засаг, худалдааны хамтарсан хорооны хуралдаан болон Түркийн Ерөнхий сайд Р.Т.Эрдоаны Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх талаар Анкара хотын захиргаатай хамтран ажиллах, ялангуяа Улаанбаатар хотод орон сууцны хороолол барих тухай ярьж танилцуулав.

Ах дүүгийн харилцаатай Улаанбаатар, Анкара хотуудын харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам өргөтгөх ихээхэн нөөц, бололцоо байгааг уулзалтад оролцогсод санал нэгтэй тэмдэглэв.

Улаанбаатар, Анкарагийн харилцаа улам өргөжинө  
Үзсэн: 1235 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2013-07-23 11:58
Энэ элчин сайд Б.Батхишиг гэж цагтаа аль Монгол Улс ардчиллыг сонгон шинэ үндсэн хуулиа баталчихаад байхад 1992 онд коммунист хойд Солонгост очиж мөхөж буй коммунист намуудын хуралд МАХН-аа төлөөлөн оролцож Пхеньяны тунхаглал гэсэн коммунист баримт бичигт гарын үсэг зурч байсан амьтан.Одоо хэдийдээ Ардчилсан Монгол Улсыг төлөөлж элчин сайд хийж байгаа юм бол доо.Аливаа хувьсгалыг ухаантнууд сэдэж зоригтнууд хийж үр дүнг нь адгийн шаарнууд завшдаг гэдэгсэн.Батхишиг мэтийн амьтад л ардчилалын буян сайн зоогдож байх шив дээ.

Бидэнтэй нэгдээрэй