Шууд Chart

НАТО зүүн жигүүрийнхээ тогтоон барих хүчин чадлаа бэхжүүлэхээр боллоо

2022-07-04 16:53:14

НАТО Оросын Украинд явуулж байгаа дайныг дэлхийн хоёрдугаар дайнаас хойш аюулгүй байдалд нь тулгарч байгаа хамгийн том сорилт гэж тодорхойлж, энэ хямралын эсрэг батлан хамгаалах болон тогтоон барих хүчин чадлаа нэмэгдүүлэхээр боллоо.

Тухайлбал, НАТО зүүн жигүүр буюу Оростой хил залгаа гишүүн улсууддаа шуурхай хариу цохилтын хүчний бие бүрэлдэхүүний тоог 40 мянгаас-300 мянгад хүргэж, найм дахин өсгөхөөр болж байна. Өнөөдрийн байдлаар НАТО-гийн командлал дор шаардлага гарвал дайчлагдах үүрэгтэй 40 мянган хүний бүрэлдэхүүнтэй шуурхай хариу цохилтын хүч НАТО-гийн зүүн жигүүрт байрлаж байна. 

Үүнийг НАТО-гийн тэргүүн хүйтэн дайнаас хойших цэргийн эвслийн хамгийн том шинэчлэлт гэж тодорхойлж байна. НАТО-гийн зүүн жигүүр гэдэгт Оростой хил залгаа Балтийн тэнгисийн Эстони, Латви, Литва, Польш, Словак, Румын, Болгар зэрэг улс багтаж байна.

НАТО-гийн шинэ концефцийн хүрээнд эдгээр улсад НАТО-гийн командлал дор хөдлөх шуурхай хариу цолхилтын 300 мянган цэрэг, олон тооны сөнөөгч онгоц, тэнгисийн хүчний хөлгүүд нэмж байрлах юм.

НАТО Хар тэнгисээс Хойд туйлын тойрог хүртэлх орон зайд 100 гаруй сөнөөгч онгоцыг байнгын эргүүлд гаргах тушаалыг зэвсэгт хүчиндээ илгээсэн байна. НАТО-гийн энэ шийдвэрийн хүрээнд Канад улс Латви дахь цэргийн хүчээ нэмэгдүүлэхээр болж байна.

Мөн Канадын Засгийн газар Украинд дронны камер, байлдааны хуягт машин зэрэг шинээр зэвсгийн тусламж илгээхээ амлаж байна. Түүнчлэн Франц улс НАТО-гийн зүүн жигүүрээ бэхжүүлэх бодлогын хүрээнд шаардлагатай бол Румын дэх цэргийнхээ тоог нэмэгдүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдлээ. Одоогоор Румынд Францын 500 гаруй цэрэг, агаарын довтолгооноос хамгаалах систем байрладаг юм байна.

Францын Ерөнхийлөгч Оросын Украинд явуулж байгаа дайн стратегийн маш том алдаа гэж Мадридын дээд уулзалтын индрээс мэдэгдлээ. НАТО-гийн шуурхай хариу цохилтын хүч ингэж нэмэгдэнэ гэдэг нөхцөл байдлыг эрс өөрчилнө. Нөгөө талаар НАТО зүүн жигүүрийнхээ тогтоон барих хүчиийг зузаатгасан нөхцөлд Оросоос ямар нэгэн хөдөлгөөн хийх нь бодлогогүй алхам болно гэсэн дохиог Владимир Путинд өгч байна гэж Туркийн "ТРТ" агентлагийн мэдээнд онцолсон байна.

Оросын Украинд хийж байгаа дайн НАТО Европ дахь цэргийн хүчээ Оросын хилд тулгаж авч ирэхэд хүргэсэн нь хүйтэн дайнаас хойших НАТО-гийн хамгийн том шилжилт хөдөлгөөнд тооцогдож байна. Украины Ерөнхийлөгч Зеленский НАТО-гийн дээд уулзалтад цахимаар оролцож, үг хэлсэн.

Тэрбээр Украин дайнд ялахын тулд сард 5 тэрбум америк долларын тусламж авах шаардлагатай байгааг мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, Оросын эсрэг дайнд Украин ялах, ялагдах эсэх нь Өрнөдийнхний тусламж дэмжлэгээс хамаарна гэсэн өмнөх байр сууриа дахин илэрхийлсэн.

Өрнөдийн цэргийн эвсэл НАТО Оросыг өөрийнх нь энх тайван, аюулгүй байдлын гол заналхийлэгч гэдэг үүднээс бодлого явуулж, Украинд үзүүлэх дэмжлэгээ байж болох бүх түвшинд нэмэгдүүлнэ гэдгээ тунхаглалаа.

НАТО Украинд ойрын болон урт хугацаанд цэргийн тусламж үзүүлэх, ялангуяа Украины армийн Зөвлөлтийн үеийн зэвсэглэлийг НАТО-гийн орчин үеийн зэвсгээр шинэчлэн сайжруулахаар болж байна. НАТО цөмийн зэвсэгтэй Оростой шууд зөрчилдөөн үүсгэхгүйгээр Украиныг зэвсэглэхийг гишүүн орнууддаа зөвшөөрч, Оростой шууд дайнд орохгүйн тулд маш болгоомжтой хандаж байгаа юм.

Хэдийгээр Украины төр засаг зэвсгийн тусламж хангалтгүй, удаан байна гэж гомдоллож, шаардлага тавьж байгаа ч НАТО-гийн тэргүүн Украины НАТО-гоос хүлээн авч байгаа батлан хамгаалах болон иргэний тусламж, шинээр тусламж илгээх амлалтууд бол бодит гэдгийг онцоллоо. Энэ үйл явцыг НАТО Украиныг өөрийн стандартаар бүрэн зэвсэглэхээр болж байна гэж ажиглагчид дүгнэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НАТО зүүн жигүүрийнхээ тогтоон барих хүчин чадлаа бэхжүүлэхээр боллоо   
Үзсэн: 555 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй