Шууд Chart

НАТО Швед, Финландыг гишүүнээр элсэхийг албан ёсоор урилаа

2022-07-04 17:08:08

НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын өөр нэг гол үр дүн Швед, Финланд улсыг гишүүнээр элсүүлж авах тухай байсан. Эдгээр улсыг гишүүнчлэхийг НАТО-гийн гол гишүүдийн нэг Турк тодорхой шалтгааны улмаас эсэргүүцэж байсан ч Мадридын дээд уулзалтын хүрээнд зөвшилцөлд хүрснээр Скандинавын хоёр улс Өрнөдийн цэргийн эвсэлд гишүүнчлэхээр боллоо.

Одоогоор 30 гишүүн улстай байгаа НАТО Швед, Финланд улсыг цэргийн эвсэлд гишүүнээр элсэхийг албан ёсоор урилаа.

Энэ нь Евро Атлантын аюулгүй байдалд маш том хүч сэлбэсэн алхам гэж тодорхойлж байна. НАТО, Турк, Швед, Финландын эрх баригчид дөрвөн талт уулзалт хийсний дүнд Анкара хоригоо цуцлах, харин Швед, Финланд улс Туркийн тавьсан шаардлагуудыг хүлээж авахаар зөвшилцөж, гурван улс санамж бичиг байгууллаа.

Тохиролцооны хүрээнд Турк хоригоо цуцлаж, Швед, Финланд улс Туркийн "алан хядагч" гэж үздэг байгууллагуудыг дэмжихгүй байх, 2019 онд Турк Сирийн хойд нутагт байлдааны ажиллагаа явуулж эхэлсэнтэй холбогдуулж тавьсан зэвсэг худалдаалах хоригоо цуцлах, Турк улсад алан хядагч гэж сэжиглэгдэж байгаа иргэдийг Швед улс нутаг буцаах, албадан гаргах, Туркийн эсрэг алан хядагч байгууллагуудын суртал ухуулга хийлгэхгүй байхаа амласан байна.

Швед, Финланд нь олон жил баримталж ирсэн төвийг сахих бодлогоосоо татгалзаж, НАТО-д элсэх өргөдлөө өнгөрсөн хавар гаргасан юм. Эдгээр улс НАТО-гийн гишүүн Туркийн дэмжлэггүйгээр НАТО-д элсэх боломжгүй байсан. Учир нь НАТО-д шинэ улс элсүүлэхэд бүх гишүүн 30 улс санал нэгдсэн байх ёстой байдаг. Скандинавын эдгээр улсууд өрнөдийн цэргийн эвсэлд гишүүн болсноор аюулгүй байдлаа баталгаажуулна. Нөгөө талаар НАТО зүүн тийш улам өргөжин тэлж, Оросын баруун хойд хилтэй шууд хиллэх юм.

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг “Өнөөдөр НАТО-гийн эрх баригчид Финланд, Швед улсыг Хойд Атлантын гэрээний байгууллагад гишүүн болохыг албан ёсоор урих түүхэн шийдвэрт хүрлээ. Турк, Швед, Финланд улсын байгуулсан гэрээ ийм шийдвэр гаргах замыг дардан болгож өгсөн. Нэгдсэн арга зам эрэлхийлэх яриа хэлэлцээнд урьсан урилгыг маань хүлээж авсан Турк, Швед, Финланд улсад талархал илэрхийлье” гэжээ. 

ОХУ эдгээр улсыг НАТО-д элсэхийг эрс эсэргүүцэж ирсэн. Москва Уркаинд дайн хийх урьдчилсан нөхцөл нь НАТО-г зүүн тийш тэлсэнтэй холбоотой гэж тайлбарлаж байгаа. Швед, Финландыг хүлээж авахаар болсон НАТО-гийн шийдвэр гарсны дараа ОХУ байр сууриа илэрхийлсэн.

Финланд, Шведийг НАТО элсүүлэх нь ОХУ-д харш зүйл биш. Гол нь эдгээр улсад НАТО-гийн цэрэг, цэргийн бааз, цэрэг армийн дэд бүтэц байрлавал ОХУ хариу арга хэмжээ авна гэдгээ мэдэгдэж байна. Өөрөөр хэлбэл, НАТО-гийн Оросын эсрэг учруулсан заналхийлэлтэй яг адил занахийллийг Оросын зүгээс тавих болно гэж Кремлийн тэргүүн Владимир Путин мэдэгдсэн байна.

Оросын Украинд хийж байгаа дайн Швед, Финландын НАТО-гийн далбаан дор орох үйл явцыг улам түргэсгэж байна. Энэ бол Оросын хувьд геополитикийн хувьд маш том цохилт. ОХУ хөрш улс руугаа халдан довтолсон нь Европын энх тайвныг эвдэж, НАТО-г Зүүн Европыг хүйтэн дайнаас хойш байгаагүйгээр их зэвсэглэхэд хүргэж, Швед, Финланд улс НАТО-г түшихэд хүргэлээ гэж улс төрийн ажиглагчид дүгнэж байна.

НАТО-гийн гэрээний дагуу аль нэг гишүүн улс нь гадны халдлагад өртсөн нөхцөлд бүх гишүүн улсад халдсанд тооцож, эвслийн хэмжээнд цэрэг батлан хамгаалахын хариу арга хэмжээ авах үүрэгтэй байдаг юм.

Мадридын дээд уулзалтаар дээрх улс төр геополитикийн асуудлаас гадна Холбоотны аюулгүй байдлын өмнө терроризм, кибер халдлага, гибрид дайн буюу хосолмол дайн зэрэг аюулгүй байдлын сорилтуудтай хэрхэн тэмцэхээ нэгдсэн бодлогодоо тусгаж өглөө.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НАТО Швед, Финландыг гишүүнээр элсэхийг албан ёсоор урилаа   
Үзсэн: 465 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй