Шууд Chart

Дайны дараах Украины сэргээн босголтод 750 тэрбум америк доллар шаардлагатай

2022-07-06 08:10:37

Швейцар улс Украины сэргээн босголтын асуудлаарх Олон улсын бага хурлыг Лугано хотноо зохион байгуулж байна. Энэ бага хурлаар олон улс Украиныг дэмжих нэгдсэн замын зураг гаргахаар зорьж байгаа юм. Украины Засгийн газар дайны хөлд үрэгдэж байгаа улс орноо сэргээн босгох гурван үе шаттай төлөвлөгөөг Швейцарын олон улсын энэхүү бага хуралд танилцууллаа.

Швейцарын далайн эргийн Луганод болж байгаа энэхүү бага хуралд дэлхийн 40 гаруй орны төлөөлөгч, тэр дундаа Европын холбоо, Дэлхийн банк болон бусад олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцож байна.

Тус хуралд Украины Засгийн газрын сайд нар оролцож, улс орныхоо нөхцөл байдал, сэргээн босголтын асуудлыг олон улсад танилцуулжээ. Мөн Украины ерөнхийлөгч Володимир Зеленский цахимаар оролцсон байна. Украины Ерөнхий сайдын мэдэгдсэнээр дайны дараах Украины сэргээн босголтод 750 тэрбум америк доллар шаардлагатай аж.

Нэн тэргүүнд цэвэр усны шугам, эрчим хүчний сүлжээ дэд бүтэц, зам гүүр зэрэг ард иргэдийн өдөр тутмын амьдралд нэн чухал дэд бүтцүүдийг сэргээн засварлах юм байна. Үүний дараагийн ээлжид 2023-2025 оны хооронд эмнэлэг, сургуулиудыг засварлана, дараа нь 2026-2032 онд эдийн засгаа ногоон, дижитал болгон шинэчилж, Зөвлөлтийн үеийн хуучин тогтолцооноос Европын холбооны стандартад нийцүүлэн өөрчлөхөөр төлөвлөж байна.

Украины ерөнхий сайд мөн Москвагийн эсрэг тогтоосон хориг арга хэмжээний хүрээнд Өрнөдийн болон бусад улс орнуудад царцаасан ОХУ-ын хөрөнгийг Украиныг сэргээн босгоход ашиглах санал дэвшүүлжээ. Оросын Украинд явуулж байгаа дайнд 1200 гаруй сургууль,цэцэрлэгийн барилган, эмнэлгийн 200 гаруй барилга ойролцоогоор 100 гаруй тэрбум америк долларын дэд бүтэц, олон мянган км урт хийн хоолой, ус, цахилгааны шугам, авто болон төмөр зам эвдэрч сүйджээ.

Энэ талаар Украин Улсын Ерөнхийлөгч Володимир Зеленский, “Сургуулийн үйл ажиллагааг сэргээх, энгийн иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, орон гэргүй болсон иргэдээ гэр сууцтай болгох, Украйнчуудыг ажлын байраар хангах, эрчим хүчний аж үйлдвэрлэлээ хамгаалах гээд олон чухал зорилт бидний өмнө байна. Ялангуяа өвлөөс өмнө бид бэлтгэлээ хангах хэрэгтэй. Иймээс бид стратегийн болон тактикийн гэсэн хоёр түвшний үйл ажиллагаа хийхээр зорьж байна. Стратегийн гэдэг нь улс орноо бүхэлд нь сэргээн босгох хэтийн зорилт, тактикийн гэдэг нь ард түмэнд нэн тэргүүнд хэрэгтэй бүх зүйлийг сэргээн босгох ёстой. Украиныг сэргээн босгоно гэдэг нь дэлхийн энх тайвныг хадгалахад хамгийн том хувь нэмэр болох юм.” хэмээн мэдэгдсэн байна.

Харин Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула Фон Дер Ляйен “Европ бол Украиныг тал бүрээр хамгаалах онцгой үүрэг хариуцлагатайн дээр стратегийн ашиг сонирхолтой. Украин Европын холбооны нэг хэсэг байхыг хүсэж байгаа, бид ч Украиныг Европын холбооны гишүүн болгох сонирхолтой байгаа. Бид Украины бүх талын чармайлтыг боломжит бүх түвшинд дэмжих болно. ” гэлээ.

Их Британи улс Украиныг сэргээн босгоход Дэлхийн хоёрдугаар дайны дараа Европын орнуудыг сэргээн босгоход хэрэгжүүлсэн Америкийн Маршалын төлөвлөгөөтэй адил төлөвлөгөө хэрэгтэй гэсэн саналыг дэвшүүлэв. Мөн Их Британи Украиныг сэргээн босгох асуудлаарх олон улсын бага хурлыг ирэх онд зохион байгуулахаар болж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дайны дараах Украины сэргээн босголтод 750 тэрбум америк доллар шаардлагатай   
Үзсэн: 575 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй