Шууд Chart

Австрали: Үер усны гамшгийн улмаас оршин суугчдадаа нүүх зөвлөмж хүргүүлжээ

2022-07-06 08:38:58

Австралийн Сидней хотод сүүлийн дөрөв хоног дараалан аадар бороо орсны улмаас сүүлийн 16 сарын хугацаанд 4 дэх удаагаа үер усны гамшиг нүүрлэсэн байна. Иймд хотын захиргаа 50 гаруй мянган оршин суугчдаа нүүн шилжих зөвлөмж хүргүүлжээ.

Шинэ Өмнөд Уэльс мужийн захиргаа нэг хоногийн дотор орон нутгийн засаг захиргааны 23 бүсэд онц байдал зарлаж, үерт нэрвэгдсэн хүмүүст холбооны засгийн газраас санхүүгийн тусламж үзүүлэх журмыг хэрэгжүүлж эхэлсэн байна. Үерийн улмаас Сидней хотод авто замууд боогдож, барилга орон сууц усанд автан, олон мянган айл өрх гэрэл цахилгаангүй болжээ.

Австралийн нийт нутгаар үер усны гамшигт энэ онд нийт 20 гаруй хүн амь насаа алдсаны дийлэнх нь Шинэ Өмнөд Уэльс мужид бүртгэгджээ. 5 сая хүн амтай Сидней хотод гэхэд сүүлийн дөрөв хоногт найман сарын хугацаанд орох хэмжээний бороо оржээ. Иймээс Сидней хот даяар онцгой байдал тогтоож, түүний хүрээнд 100 гаруй удаагийн нүүлгэн шилжих зөвлөмж хүргүүлжээ. Хэд хэдэн томоохон гол үерлэж байгаатай холбогдуулан 50 гаруй газар нутагт иргэдийг нүүн шилжихийг анхааруулсан байна.

Шинэ Өмнөд Уэльс мужийн зарим газраас сүүлийн дөрвөн өдөрт орсон борооны усны түвшин 800 мм хүрсэн нь жилийн дундаж хур тунадасны гуравны нэгтэй тэнцэх хэмжээнд хүрч байгааг Цаг уурын хүрээлэн нь мэдээлжээ. Сидней орчимд аадар бороо мягмар гарагаас эхлэн намжиж эхлэх төлөвтэй байгаа ч хүчтэй салхи шуургатай байгаа нь мод, цахилгаан дамжуулах шугам унах эрдэлтэй байгаа аж.

Австралид уур амьсгалын өөрчлөлт болон Эль-Ниньо хэмээх цаг агаарын онцгой үзэгдэлдээс шалтгаалж үер усны гамшиг нүүрлэж байна гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Австрали: Үер усны гамшгийн улмаас оршин суугчдадаа нүүх зөвлөмж хүргүүлжээ   
Үзсэн: 567 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй