Шууд Chart

ОХУ Казахстаны газрын тосны экспортын гол шугамыг түр хугацаанд хаалаа

2022-07-08 10:23:26

Казахстаны газрын тосыг Хар тэнгисийн боомтууд руу дамжуулдаг Каспийн Хоолойн Консерциумын үйл ажиллагааг 1 сарын хугацаанд зогсоох шийдвэрийг ОХУ-ын шүүх гаргасан байна. Газрын тос асгарч, байгаль орчныг бохирдуулсан нөхцөлд ямар хариу арга хэмжээ авах талаар дүрэм журам тодорхойгүй гэсэн шалтгаанаар тус Консерциумын үйл ажиллагааг түр зогсоохоор шийдвэрлэлээ гэж Оросын шүүх тайлбарлажээ.

Харин Каспийн Хоолойн Консерциум уг шийдвэрийг няцааж, давж заалдана гэдгээ мэдэгджээ. Гэвч Оросын тал байгаль орчинд үзүүлэх эрсдэлийг үнэлж, шалгах даалгаврыг хууль хяналтын байгууллагууддаа өгсний үндсэн дээр шүүхийн шийдвэр гарсан гэсэн тайлбар өгчээ. Өмнө нь Оросын хууль хяналтынхан уг хоолойгоос газрын тос алдагдсан нөхцөлд ямар хариу арга хэмжээ авах талаар дүрэм журам хангалтгүй гэсэн дүгнэлт гаргаж, ирэх 11 дүгээр сарын 30-наас өмнө дүрэм журмаа цэгцлэхийг тус консерциумд мэдэгдэж байсан юм байна.

Казахстаны ерөнхийлөгч Кассим Жомарт Токаев дэлхийн эрчим хүчний зах зээлийг тогтворжуулахад Европын холбоог дэмжинэ гэдгээ амласны маргааш Москва ийм шийдвэр гаргаж байгаа нь Казахстантай эдийн засгийн дайн зарлаж, айлган сүрдүүлэх улс төрийн нүүдэл гэж Евроазийн шинжээчид таамаглаж байна.

Каспийн Хоолойн Консерциум нь ОХУ-ын хууль дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг, шүүхийн шийдвэрийг хүлээж авахаас аргагүй боллоо. Гэхдээ бид шүүхийн шийдвэрийг зохих журмын дагуу давж заалдана гэж тус консерциумаас мэдэгджээ. Каспийн тэнгисийн энэ хоолойгоор Казахстаны газрын тосны экспортын 80 хувь нь дамждаг. Хар тэнгис дэх Оросын НовоРоссийск боомтоор гадаад зах зээлд гаргадаг юм байна. Тус хоолой жилд 67 сая тонн газрын тос дамжуулах хүчин чадалтай.

Украины дайны нөлөөгөөр Оросын газрын тосны экспортод АНУ хориг тавьсан ч Оросоор дамждаг Казахстаны газрын тосны экспортыг зөвшөөрч байгаа юм. Экспортын орлого нь нэг сар саатах нь Казахстаны эдийн засагт асар их хохиролтой байх магадлалтай. энэ нэг сарын хугацаанд Экспортлогч компаниуд болон Казахстаны төрд 500 сая америк долларын хохирол учирна гэж эдийн засагчид тооцоолж байна.

Казахстаны засгийн газар ээлжит бусаар хуралдаж, Оросын шүүхийн шийдвэрийн дагуу экспортыг хязгаарласантай холбоотой сөрөг үр дагаврыг бууруулах талаар хэлэлцэж, ерөнхийлөгч Токаев газрын тос нийлүүлэх гарцаа төрөлжүүлэхийг засгийн газартаа даалгажээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ Казахстаны газрын тосны экспортын гол шугамыг түр хугацаанд хаалаа   
Үзсэн: 450 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй