Шууд Chart

Борис Жонсон эрх баригч намын даргын албан тушаалаас огцорч байгаагаа зарлалаа

2022-07-08 10:37:46

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон эрх баригч Консерватив намын даргын албан тушаалаас огцорч байгаагаа зарлалаа. Харин намын шинэ дарга сонгогдох хүртэл ерөнхий сайдын албан тушаалаа үргэлжлүүлэн хаших аж. Борис Жонсон энэ пүрэв гарагт ард түмэндээ хандаж огцорч байгаагаа зарлахдаа, дэлхийн хамгийн сайхан албан тушаалаас бууж байгаадаа харамсаж байгаагаа илэрхийлж, шинэ ерөнхий сайд томилогдох хүртэл ард түмэндээ үйлчилнэ гэдгээ мэдэгджээ.

Тодруулбал, Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон намын дэмжлэггүй болсонтой холбоотойгоор огцорч байна. Өдгөө 58 настай Борис Жонсон 2019 оны 7 дугаар сарын 24-нд Их Британийн ерөнхий сайдаар томилогдож, Их Британи Европын холбооноос гарах үйл явцыг дуусгахад голлох үүрэгтэй ажилласан. Үүнээс хойш тэрээр хэд хэдэн дуулиант үйл явдлуудад холбогдож, ерөнхий сайдын суудал нь хэд хэдэн удаа ганхаж байсныг олон улсын хэвлэлүүд онцолж байна. Түүний кабинетын сайд нар Жонсоныг ёс зүйн алдаа гаргасан гэсэн үндэслэлээр ерөнхий сайд байх боломжгүй гэж үзсэн юм.

Тэрбээр засгийн газрын сайд, туслах гээд 40 гаруй хүн кабинетаас нь гарч байгаагаа зарласны дараа огцрохоор боллоо. Лхагва гарагт Их Британийн засгийн газрын  сайд, туслах зэрэг  40 гаруй өндөр албан тушаалтан ерөнхий сайдынхаа ёс зүйгүй томилгоог эсэргүүцэж, үүрэгт ажлаа өгсөн. Жонсон Крис Пинчерийг засгийн газрын албан тушаалд томилсныхоо төлөө уучлал гуйсан ч кабинетын сайд нарын томилгоотой холбоотой огцруулах давлагааг үл харгалзан албан тушаалдаа үлдэнэ гэдгээ Лхагва гарагт мэдэгдсэн. Гэвч Пүрэв гарагийн өглөө кабинетын хэд хэдэн сайд огцрохоо мэдэгдсэнээр Борис Жонсон улс төрийн энэ дуулианд бууж өгч, албан үүргээ хүлээлгэн өгөхөөр болжээ.

Түүнийг огцруулах болсон  нэг шалтгаан нь өнгөрсөн 7 хоногт Борис Жонсоны засгийн газарт томилсон Консерватив намын гишүүн Крис Пинчер 2010, 2012 хамгийн сүүлд 2019 онд бусдад бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр албан тушаалаасаа огцорсонтой холбоотой. Крис Пинчер 2019 онд бусдад бэлгийн дарамт учруулсан хэргээр шалгагдаж байсан ч түүнийг Борис Жонсон 2022 оны 2 дугаар сард парламентын зохион байгуулагчийн албан тушаалд томилсон юм байна. Ерөнхий сайд Жонсон Пинчерийг хэрэгт холбогдсоныг мэдсээр байж Пинчерийг албан тушаалд томилсноо мягмар гарагт хүлээн зөвшөөрсөн юм.

Эрх баригч намын зарим гишүүд ерөнхий сайд Жонсоны энэ томилгоо ёс зүйгүй үйлдэл байсан гэж үзсэн юм. Мөн түүний томилгоогоо хамгаалсан мэдэгдэл ёс зүйн хувьд зохисгүй үйлдэл гэж засгийн газрын гишүүд нь үзэж, огцрохыг нэгдмэл дуугаар шаардсан. Өмнө нь Борис Жонсон цар тахлын хатуу хөл хорионы үед ерөнхий сайдын өргөөндөө намуудын хэд хэдэн үдэшлэг зохион байгуулсан асуудалд орооцолдож, иргэд олон нийтээс ихээхэн шүүмжлэлтэй тулгарч байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Борис Жонсон эрх баригч намын даргын албан тушаалаас огцорч байгаагаа зарлалаа  
Үзсэн: 305 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй