Шууд Chart

Европын парламент цөмийн эрчим хүчийг “байгальд ээлтэй” гэж тодорхойллоо

2022-07-08 10:55:59

Европын Холбоо цаг уур өөрчлөлтийг сааруулахаар чармайж байгаа хэдий ч Оросын Украинд хийж байгаа дайны улмаас эрчим хүчний өөр эх үүсвэрүүд эрэлхийлж байна. Энэ үүднээс Европын Холбоо байгалийн хий болон цөмийн эрчим хүчийг “байгальд ээлтэй” эрчим хүч гэж тодорхойллоо. Европын комисс Орос байгалийн хий нийлүүлэлтээ бүрэн зогсоох нөхцөлд Европын холбоо бэлтгэлтэй байж, нэгдсэн төлөвлөгөөтэй байх ёстой гэсэн байр суурьтай байна.

Тодруулбал, лхагва гарагт Европын парламент байгалийн хий болон цөмийн эрчим хүчийг байгальд ээлтэй гэсэн ангилалд авч үзэх эсэхээр санал хураалт явуулж, байгалийн хий болон цөмийн эрчим хүчийг "тогтвортой" гэсэн ангилалд авч үзэхээр боллоо. Мөн Европын холбоо сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн төлөөх өрсөлдөөн, үнийн өсөлт тэлж байгаа ийм үед эдийн засгаа өсгөх бодлогоо эргэн харж байна.

Гэхдээ Германы эрх баригчид үүний эсрэг байр суурьтай байгаа аж. Санал хураалтаас үл хамааран Германы засгийн газар байр сууриндаа бат зогсож, цөмийн эрчим хүчийг тогтворгүй гэж үзсэн хэвээр байна гэж канцлерын хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Байгаль хамгаалагчид болон шүүмжлэгчид байгалийн хийгээр ажилладаг генераторууд нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулж, цөмийн эрчим хүчний станцууд цацраг идэвхт хог хаягдал үүсгэдэг гэж маргадаг.

Одоогоор Европын холбоо Оросын нүүрсний импортыг 8 дугаар сараас эхлэн хориглоно, мөн оны эцэс гэхэд Оросын газрын тосны импортыг 90 хувьд хүртэл бууруулахаар болсон. Харин эдийн засагтаа ноцтой хохирол учруулахгүйн тулд хориг арга хэмжээнд Оросын байгалийн хийг оруулаагүй. Харин Оросын хувьд Европын зарим улс руу байгалийн хий нийлүүлэлтээ хязгаарласны улмаас Герман зэрэг Европын зарим улс эрчим хүчээ хэмнэх шаардлагатай тулгарч байгаа. Европын тооцооллоор Оросын Европ руу чиглэсэн байгалийн хийн экспорт өнгөрсөн онтой харьцуулахад сард дунджаар 33 хувиар буурч байгаа юм байна.

Европын зөвлөл холбооны хэмжээнд эрчим хүчинд эзлэх сэргээгдэх эрчим хүчний хувийг 2030 он гэхэд наанадаж 40 хувьд хүргэж өсгөхөөр өнгөрсөн сард шийдвэрлэсэн. Өмнө нь энэ хувийг 32 хувьд хүргэх зорилт тавьж байсан юм. Түүнчлэн 2030 он гэхэд эрчим хүчний хэрэглээг 9 хувиар бууруулах зорилтыг Европын холбооны гишүүн бүх улс орон заавал биелүүлэх ёстой болж байна. Одоо Европын зарим орнууд цаг агаар ирэх өвлөөс өмнө эрчим хүчний аюулгүй байдлаа хангах үүднээс байгалийн хийгээ нөөцлөх, эрчим хүч нөөцлөх дэд бүтцээ бэлтгэхээр ажиллаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын парламент цөмийн эрчим хүчийг “байгальд ээлтэй” гэж тодорхойллоо   
Үзсэн: 319 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй