Шууд Chart

Японы ерөнхий сайд асан Абэ Шинзо 67 насандаа таалал төгслөө

2022-07-08 18:19:34

Японы Либерал ардчилсан намын албаны хүмүүс Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо нас барсан гэж мэдэгдсэнийг Эн-Эч-Кэй дамжууллаа. Японы ерөнхий сайд асан Абэ Шинзо баасан гарагийн өглөө баруун нутгийн Нара хотод үг хэлж байхдаа ар нуруундаа буудуулж эмнэлэгт хүргэгдсэн гэж Эн-Эч-Кэй телевиз мэдээлсэн. Хэрэг болоход газар дээр нь байсан Эн-Эч-Кэй телевизийн сурвалжлагч 11:30 цагийн үед хоёр буун дуу чимээ сонсогдсон, улмаар Абэ Шинзо цус алдсан, ухаангүй байдалтай эмнэлэгт хүргэгдсэн гэж мэдээлсэн. Абэг онгоцоор эмнэлэгт хүргэсэн боловч албаныхан түүнийг амин үзүүлэлтүүд байхгүй, зүрх нь зогссон гэж мэдэгджээ.

Цагдаа нар 41 настай эрэгтэйг хүн амины хэрэг үйлдэхийг завдсан хэргээр баривчилсан гэж мэдэгдлээ. Батлан хамгаалах яамны эх сурвалжийн мэдээлснээр хэрэгт сэжигтэн 2005 он хүртэл Японы тэнгисийн өөрийгөө хамгаалах хүчинд гурван жил ажиллаж байжээ.

Дэлхийн хамгийн аюулгүй улс гэгддэг Японд өнөөдөр ийм халдлага гарсанд хүмүүс их цочирдсон байна.

Ерөнхий сайдын хувьд Абэ Шинзо 2020 оны зуны олимпын наадмыг Токио хотод зохион байгуулахад тусалсан чиглүүлэгч хүчний нэг байсан. Түүнийг Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах,  Олимпийн хөдөлгөөнөөс олгодог хамгийн дээд өргөмжлөл болох “Олимпын одон"-гоор шагнаж байсан юм.

Японы одоогийн ерөнхий сайд Фумио Кишида ерөнхий сайд асан Абэ Шинзог буудуулсны дараа хийсэн мэдэгдэлдээ,  тэрбээр болон түүний Засгийн газрын сайд нар улс орон даяар хийж байсан сонгуулийн сурталчилгааны арга хэмжээнээсээ Токио руу яаран буцаж ирсэн гэж мэдэгдсэн. Кишида энэ үеэр “Ерөнхий сайд асан Абэг эсэн мэнд үлдэхийн төлөө би чин сэтгэлээсээ залбирч байна” гэж мэдэгдэж байсан юм.

Абэ ерөнхий сайдын албыг хоёр удаа хашиж байсан бөгөөд 2020 онд эрүүл мэндийн байдал муу гэсэн шалтгаанаар огцорч байсан. Тэрээр Японы ерөнхий сайдаар хамгийн удаан ажилласан хүн юм. Тэр 67 настай байсан.


Японы ерөнхий сайд асан Абэ Шинзо 67 насандаа таалал төгслөө  
Үзсэн: 667 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй