Шууд Chart

Европын холбоо Азербайжанаас авдаг байгалийн хий нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр зорьж байна

2022-07-19 09:26:46

Европын холбоо Украинд болж байгаа дайны улмаас ОХУ-ын эрчим хүчнээс хараат байдлаа бууруулах бодлого баримталж байгаа. Энэ хүрээнд Европын комиссын Ерөнхийлөгч болон Европын эрчим хүчний комиссар нар Азербайжанаас авдаг байгалийн хий нийлүүлэлтийг нэмэгдүүлэх үүднээс өчигдөр Бакуд очлоо.

Каспийн тэнгисээр дамждаг хийг Оросын нутгаас тойруулан Европ руу нийлүүлэх асуудлыг Азербайжантай хэлэлцэх юм байна.

Европын комисс Азербайжанаас импортлодог байгалийн хийн хэмжээг нэмэгдүүлэх, хий дамжуулах хоолойн өргөтгөлд дэмжлэг үзүүлэх үүднээс Азербайжантай гэрээ байгуулах төслийг гишүүн улс орнууддаа хүргүүлсэн байна.

Европын холбоо-Азербайжаны стратегийн түншлэл Каспийн тэнгисийн байгалийн хийг Европын холбоо цаашлаад Баруун Балканы орнууд руу тээвэрлэх тухай хэлэлцээрийн төсөлд тусгасан юм байна.

Талууд байгалийн хийн худалдааг 2027 он гэхэд жил тутамд 20 тэрбум куб метрт хүргэхийг эрмэлзэж байна. Европын орнууд 2020 оны 12-р сараас хойш байгалийн Өмнөд Хийн хоолойн нэг хэсэг Транс-Адриатын хоолойгоор дамжуулан Азербайжанаас байгалийн хий авч байна.

Өмнөд Хийн коридорын шугам хоолойн сүлжээг өргөтгөхөд Европын холбооноос их хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр төсөлд тусгажээ.

Өмнөд Хийн хоолой нь Каспийн тэнгисээс Туркээр дамжин Зүүн болон Өмнөд Европ руу хий дамжуулдаг сүлжээ хоолойг хэлдэг юм.

Энэ гэрээг одоогийн энэ айлчлалын хүрээнд байгуулах эсэх нь тодорхойгүй байна. Өнөөдөр Брюссельд хоёр талын албаныхан хэлэлцээ хийх товтой байна.

Азербайжан нь газрын тос болон байгалийн хийн гол экспортлогчдын нэг юм. Тус улсын дамжуулах хоолой Турк, Гүрж, Оросын нутгаар дайран Европын зах зээлд гардаг.

Европын холбоо нь Азербайжаны худалдааны гол түнш, тус улсын гадаад худалдааны нийт эргэлтийн 36.7 хувийг эзэлдэг.

Харин Азербайжаны эрчим хүч зонхилдог экспортын 50 хувийг Европын холбоо эзэлдэг юм байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын холбоо Азербайжанаас авдаг байгалийн хий нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр зорьж байна   
Үзсэн: 480 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй