Шууд Chart

Иран ОХУ-д дрон нийлүүлэхээр төлөвлөж байна гэх мэдээллийг няцаав

2022-07-19 09:44:11

Ираны Засгийн газар Украины дайнд ашиглах зориулалтаар ОХУ-д дрон нийлүүлэхээр төлөвлөж байгаа тухай АНУ-ын засаг захиргааны мэдээллийг няцаасан байна. Ираны Гадаад харилцааны сайд Украины Гадаад хэргийн сайдтай утсаар ярих үедээ энэ тухайгаа нотолж, Иран улс Украины хямралыг өргөжүүлэх аливаа үйл ажиллагааны эсрэг байгаа гэдгээ мэдэгджээ.

Вашингтон Иран улс ОХУ-д олон зуун нисэгчгүй агаарын тээврийн хэрэгсэл тэр дундаа дрон нийлүүлэхээр бэлтгэж байгаа тухай мэдээлэл олж авсан гэдгээ өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм.

Америкийн тагнуулынхан Украины дайнд ашиглах дронтой танилцахаар Оросын албаныхан Иранд хоёр удаа очсон гэж үзэж байгаа. Тодруулбал, Оросын албаны хүмүүс зургаадугаар сарын 8, долоодугаар сарын 5-ны өдрүүдэд Ираны төв бүсийн Кашан агаарын цэргийн баазад очсоныг хиймэл дагуулаас авсан зураг баталж байгааг Америкийн тагнуулын эх сурвалж мэдээлсэн юм.

Энэ долоо хоногийн эхээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Иранд айлчилна. Энэ үеэр дроны наймаа эцэслэн шийдэгдэх магадлалтай гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм.

Харин энэ мэдээлэл ямар ч үндэслэлгүй гэж Тегеран мэдэгдэж байна. Мөн Ираны Гадаад хэргийн сайд “Бид ОХУ-тай олон талын хамтын ажиллагаатай, ялангуяа батлан хамгаалах салбарт хамтарч ажилладаг. Гэхдээ бид дайныг зогсоох ёстой гэсэн байр суурины үүднээс Украины дайнд аль ч талыг нь дэмжихгүй" гэж мэдэгджээ.

Харин НАТО-г өргөжүүлэх нь тус бүс нутагт ноцтой аюул занал учруулж байна гэж Ираны Засгийн газар үзэж байна. Ираны тэнгисийн хүчин саяхан 1000 км-ийн нислэгийн тусгалтай, тагнуулын болон байлдааны зориулалттай дрон бүхий шинэ нэгжтэй болж байгаагаа олон улсын хэвлэлээр үзүүлсэн юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Иран ОХУ-д дрон нийлүүлэхээр төлөвлөж байна гэх мэдээллийг няцаав   
Үзсэн: 299 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй