Шууд Chart

Хэт халуунаас үүдэн Европын олон оронд ой хээрийн түймэр дэгдэж байна

2022-07-19 10:59:52

Европт цаг агаарын хэт халалт болж байгаагаас тус тивийн олон улс оронд ой хээрийн түймэр дэгдэж байна. Франц, Испани, Хорват, Итали, Грек зэрэг улсад ой хээрийн түймэр асаж байгаагаас иргэд, жуулчдыг нүүлгэн шилжүүлж байна.

Францын баруун өмнөд бүс нутагт л гэхэд сүүлийн 6 хоногт ой хээрийн түймэр асаж байгаа бөгөөд тэндээс 16 мянга гаруй иргэд, жуулчдыг нүүлгэн шилжүүлжээ. Уржигдрын байдлаар Европ тивийн хэмжээнд 4500 гаруй хавтгай дөрвөлжин километр талбай шатсан байна.

Британийн цаг уурчид даваа, мягмар гарагт цаг агаар цельсийн 40 хэмээс давж халах төлөвтэй байгааг анхааруулжээ. Иймээс Британийн эрх баригчид Английн ихэнх нутгаар хэт халалтын аюулын түвшинг улаан буюу дөрөвдүгээр зэрэг рүү шилжүүлсэн байна.

Улаан түвшин буюу аюулын хамгийн өндөр түвшний анхааруулга зарласан үед эрүүл мэндийн шалтгаантай эмзэг бүлгийн хүмүүсээс гадна эрүүл саруул хүнд ч эрсдэлтэй гэж үздэг юм байна.

Иймээс иргэдээ гэрээсээ гарахгүй байх, кофейн болон согтууруулах төрлийн ундаа хэрэглэхгүй байхыг эрүүл мэндийн байгууллага нь зөвлөжээ.

Мөн Франц улс даваа гарагаас эхлэн зарим нутгаар цаг агаар цельсийн 42 хэм давж халах төлөвтэй байгаатай холбогдуулан 15 мужид хэт халалтын аюулын түвшинг улаан түвшин рүү, бусад 51 мужид шар түвшин рүү шилжүүлсэн байна.

Испанид өнгөрсөн ням гарагт цаг агаар цельсийн 40 хэм давж халсан байна. Тус улсын өмнөд бүсэд гал түймрийн улмаас 3200 гаруй хүнийг нүүлгэжээ.

Португальд цаг агаар өнгөрсөн 7 хоногт цельсийн 47 хэмд хүрсэн ч амралтын өдрүүдээр ой хээрийн түймрийг цурманд оруулсан байна. Португалийн Засгийн газрын мэдээлснээр өнгөрсөн 7 хоногт хэт халалтын улмаас 659 хүн нас барсан бол Испанид мөн 360 хүн хэт халалтын улмаас нас баржээ.

Газар дундын тэнгисийн эрэг дагуух улс орнуудад асаж байгаа ой хээрийн түймрийг унтраахаар олон мянган гал сөнөөгч, ус шүршигч онгоцуудыг дайчлан гаргажээ. Энэ жил Европ тивд хэт хуурайшилттай, халуун байснаас гал түймрийн улирал эрт эхэлжээ.

Европын зарим улсад ган гачиг нүүрлэж байгаа бол зарим улсад нь хэт халалт болж байна. Европын эрх баригчид цаг агаарын энэ халалтыг цаг уурын өөрчлөлттэй холбоотой гэж үзэж байгаа юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хэт халуунаас үүдэн Европын олон оронд ой хээрийн түймэр дэгдэж байна   
Үзсэн: 370 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй