Шууд Chart

ОХУ, Украин улс Хар тэнгист гацсан үр тарианы экспортыг сэргээх гэрээ байгуулав

2022-07-24 11:30:12

НҮБ, БНТУ гэрээний хэрэгжилтэд хяналт тавина.

НҮБ-ын дэмжлэгтэй, Туркийн зуучлалтайгаар ОХУ болон Украин улс хар тэнгисийн боомтуудад гацсан үр тариаг аюулгүй тээвэрлэх тохиролцоонд хүрч, гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр, Украйны талаас үр тариа экспортлох боломжтой болж, Оросын арми тээврийн хөлөг онгоцнуудыг зорчих боломжоор хангах үүрэг хүлээж байгаа юм.

Харин, НҮБ болон Туркийн талаас гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, зуучлагчийн үүрэг гүйцэтгэх аж. Үүний үр дүнд олон улсад хүнсний бүтээгдэхүүний үнэ ялангуяа үр тариа улаан буудайн үнэ буурна, нөгөө талд хүнсний хомсдолгүй болж, нийлүүлэлт хэвийн болно гэж олон улсад өөдрөгөөр харж төсөөлж байна.

Өнгөрсөн 2 дугаар сарын 24-нд ОХУ Украинд цэрэг дайны ажиллагаа явуулж эхэлснээр, Киев Хар тэнгист гарцгүй болж, үндсэндээ сүүлийн 4 сарын хугацаанд, Украины үр тарианы экспорт зогсонги байдалд ороод байсан. НҮБ-ын дэлхийн хүнсний хөтөлбөрөөс гаргасан хамгийн сүүлийн үеийн тайланд, дайны уршгаар 47 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж, дэлхийн хэмжээнд хүнсний хямрал нүүрлэж болзошгүй гэж анхааруулжээ. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, 2 тал тохиролцоонд хүрсэн нь, дэлхийн хүнсний хямралыг намжаахад чиглэсэн томоохон дипломат алхам боллоо гэж онцолж байна.

ОХУ-ын гадаад харилцааны сайд Сергей Лавров, энэхүү гэрээ ойрын хугацаанд бодитой үр дүнтэй хэрэгжинэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн тэрбээр, ОХУ энэ салбарт хүлээсэн үүрэг амлалтаа цаашид ч тууштай биелүүлнэ гэдэг байр сууриа илэрхийллээ.

Харин, Украины ерөнхийлөгч Зеленский, одоо хэлэлцээний хэрэгжилтийг хангах нь гэрээнд оролцогч бүх талын үүрэг юм, НҮБ гэрээний хэрэгжилтэд хяналт тавина гэдэгт итгэж найдаж байгаагаа илэрхийлжээ. Олон улсын зүгээс ч, 2 талын байгуулсан гэрээг талархан хүлээн авч байна.

Тухайлбал, Цагаан ордон талууд гэрээнд хүрснийг сайшааж байгаа боловч, гэрээг бодитоор хэрэгжүүлэхийн тулд талууд үүрэг амлалтаа биелүүлэх шаардлагатайг анхааруулжээ.

Үүний зэрэгцээ, Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Жан Жун, "Маш утга учиртай дипломат алхам боллоо. Украины үр тариа, хүнсний бүтээгдэхүүн болон бордоог олон улсын зах зээлд аюулгүй тээвэрлэх нь чухал юм. гэж онцолжээ.

Мөн, Европын холбооны орнууд, Африкийн холбоо, Их Британи зэрэг улс орнууд талууд гэрээнд хүрснийг талархан хүлээн авчээ. Ойрын хэд хоногийн дотор, Хар тэнгис дэх 3 боомтоор дамжуулан үр тариа тээвэрлэх аюулгүй гарц нээгдэх юм байна.

Оросын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, гэрээнд заасны дагуу аюулгүй коридорыг нээх урьдчилсан нөхцөл, бүх гаргалгаа шийдэл тусгагдсан гэж мэдэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ, Украин улс Хар тэнгист гацсан үр тарианы экспортыг сэргээх гэрээ байгуулав  
Үзсэн: 316 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй