Шууд Chart

Европын холбооны зөвлөл ОХУ-ын эсрэг долоо дахь багц хориг арга хэмжээг батлав

2022-07-24 11:36:16

Европын холбооны зөвлөл ОХУ-ын эсрэг 7 дахь багц хориг арга хэмжээг баталлаа. Энэ шинэ хоригт, Оросын алтны импортыг хориглох, Сбербанкны Европ дахь хөрөнгийг царцаах, өндөр технологийн нийлүүлэлт, мөн улс төрчид цэргийн алба хаагч зэрэг 50 гаруй хувь хүн, хуулийн этгээд багтжээ. Одоо, энэ шинээр тогтоох хориг арга хэмжээ нь, Европын холбооны албан ёсны сэтгүүлд нийтлэгдсэнээр хүчин төгөлдөр үйлчилж эхлэх юм байна.

Европын холбоо Оросын Украинд хийж байгаа дайныг зогсоох зорилгоор Москвагийн эсрэг эрчим хүч, батлан хамгаалах, банк санхүү зэрэг олон салбарыг хамарсан 6 удаагийн багц хориг арга хэмжээг хэрэгжүүлж байна. Одоо 7 дахь багц хоригийг зарлахаар төлөвлөжээ. Шинэ хоригийн хувьд, Оросыг олон улсын санхүүгийн системээс шахах арга хэмжээг чангатгах, Оросын эдийн засгийг сулруулах үүднээс эдгээр арга хэмжээг авах, ялангуяа Сбербанкны хөрөнгийг царцаах болон, алтны импортыг хориглохоор санал нэгдсэн юм. Алт нь ОХУ-ын эрчим хүчний дараа орох экспортын хоёрдох гол бүтээгдэхүүн учраас энэ хориг Москвагийн эдийн засгийн чацавхийг сулруулна гэж Европын холбоо үзэж байна.

Өнгөрсөн 2021 оны байдлаар, ОХУ алтны экспортоосоо 15 тэрбум америк долларын орлого олсон байна. Оросын төв банкны нөөцөд байгаа алт нь 100-140 тэрбум америк долларын үнэлгээтэйд тооцогдож байна. Орос хоригт орж, царцаагдсан их хэмжээний валютыг нөхөхийн тулд алт олборлолтоо эрчимжүүлж, төв банк нь дотоодоосоо алт худалдан авалтаа эхлүүлж байгаагаа зарласан нь мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг өсгөх нэг арга гэж зах зээл харж байсан. Гэвч, өнгөрсөн 6 дугаар сард, Америк Кремлийн Украинд хийж байгаа дайны эсрэг хориг арга хэмжээгээ чангатгаж, Оросын экспортын орлогын гол эх үүсвэрийн нэг алтны импортод хориг тавьж байгаагаа мэдэгдсэн.

Үүний зэрэгцээ, Европын холбоо Украинд 500 сая еврогийн цэргийн тусламж үзүүлэхээр болсноо зарлалаа. Энэ нь, Украйны зэвсэгт хүчний чадавх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахад, Европын холбооны дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилготой юм. Одоогийн байдлаар, Европын холбоо Украинд 2,5 тэрбум америк долларын цэрэг зэвсгийн тусламж үзүүлжээ. Украины ерөнхийлөгч Зеленский, "Европын холбооны шинэ хориг арга хэмжээг хангалтгүй байна, Москва түрэмгийллийнхээ төлөө илүү өндөр төлбөр төлөх ёстой" гэж шүүмжилжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын холбооны зөвлөл ОХУ-ын эсрэг долоо дахь багц хориг арга хэмжээг батлав  
Үзсэн: 566 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй