Шууд Chart

БНЭУ анх удаа уугуул иргэдийн төлөөллийг ерөнхийлөгчөөр сонгов

2022-07-24 13:49:33

Энэтхэгийн хууль тогтоогчид анх удаа уугуул иргэдийн эмэгтэй төлөөллийг ерөнхийлөгчөөр сонгожээ. Одиша мужийн уугуул овог аймгаас гаралтай Дроупади Мурму нь Энэтхэгийн анхны уугуул ерөнхийлөгч бөгөөд хоёр дахь эмэгтэй ерөнхийлөгч болж байгаа юм байна.

Энэтхэгийн холбооны засгийн газрын болон мужийн хууль тогтоох байгууллагын 4800 гаруй хууль тогтоогч ерөнхийлөгчийг сонгох санал хураалтад оролцжээ.

Санал тооллогын дүнгээр Одиша мужийн уугуул овог аймгаас гаралтай, 64 настай Дроупади Мурму сөрөг хүчний намуудын дэвшүүлсэн нэр хүнтэй улс төрчдийг ялж, 1,4 тэрбум хүн амтай Энэтхэг улсын анхны уугуул ерөнхийлөгч боллоо.

Мурму нь ерөнхий сайд Нарендра Модигийн тэргүүлдэг эрх баригч Баратияа Жаната намын дэмжлэгтэй юм байна. Тэрээр 2007 онд сонгогдсон Пратиба Патилын дараагаар Энэтхэгийн хоёр дахь эмэгтэй ерөнхийлөгч болж байна. Тэрбээр өмнө нь Жхарханд мужийн захирагчаар ажиллаж байсан улс төрийн туршлагатай аж.

Энэтхэг нь парламентын бүгд найрамдах засаглалтай, холбооны байгууламжтай ардчилсан улс. Энэ үүднээс Энэтхэгийн ерөнхийлөгч бэлэг тэмдгийн үүрэг рольтой байдаг. Эрх баригч нам 2024 оны парламентын сонгуулийг угтан, уугуул овог аймгууд ихтэй зүүн бүс нутгийн мужуудын эмэгтэй сонгогчид болон ард иргэдийн дэмжлэгийг авах зорилгоор уугуул гаралтай Мурмуг дэмжлээ гэж улс төрийн хүрээнд үзэж байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНЭУ анх удаа уугуул иргэдийн төлөөллийг ерөнхийлөгчөөр сонгов   
Үзсэн: 512 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй