Шууд Chart

Украины боомтуудаас үр тариа экспортлох цуваа гарахаар бэлтгэж байна

2022-07-26 10:10:18

Украины улаан буудай болон бусад хүнсний бүтээгдэхүүний экспортыг сэргээх тухай Истанбулд өнгөрсөн 7 хоногт гарын үсэг зурсан гэрээний дагуу Хар тэнгисийн боомтын захиргаа далайн тээврийг сэргээх бэлтгэл ажлыг эхлүүлсэн байна. Эхний ээлжид Хар Тэнгисийн гурван боомтод улаан буудай, үр тариаг экспортод гаргах цувааг бүрдүүлж эхэлсэн тухай тус улсын Далайн боомтын удирдах газраас мэдэгджээ.

Тодруулбал, Украины Одесс, Черноморск, Южный боомтууд руу хөлөг онгоц орох, гарах хөдөлгөөнийг цуваа бүрдүүлэх байдлаар зохион байгуулахаар төлөвлөжээ. Иймд цувааг бүрдүүлэх төлөвлөгөөнд оруулахын тулд Украины далайн боомтын захиргаа Далайн тээврийн компаниудыг хөлөг онгоцоо оруулах хүсэлтийг цахим шуудангаар ирүүлэхийг хүссэн байна.

Цуваанд багтах хөлөн онгоц тус бүрээр хүсэлт гаргах шаардлагатай, цувааг далайн боомтуудад очих, буцаж гарахад замчлах онгоц заавал дагалдах аж. Туркийн зуучлал, НҮБ-ын дэмжлэгээр Орос, Украин хоёр Хар тэнгисийн боомтуудаар УКраины улаан буудайг дэлхийн зах зээлд гаргах үйл явцыг сэргээхээр Истанбулд тус тусдаа гэрээ байгуулсан. Орос-НҮБ-ын хооронд байгуулсан гэрээгээр бол НҮБ хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, бордооны экспортод саад болж байгаа Оросын эсрэг хоригийг цуцлуулахын төлөө ажиллах үүрэг хүлээсэн.

Хоёр дахь гэрээгээр Украины хяналтад байгаа хар тэнгисийн боомтуудаас Украины улаан буудайг аюулгүй тээвэрлэх, түүний аюулгүй байдлыг хангахаар тусгасан юм. Энэ гэрээний дагуу НҮБ-ын боловсруулсан төлөвлөгөөний хүрээнд далайн боомтууд руу орох, гарах гарцыг дөрвөн талын төлөөлөх хамтран хянах төвийг Истанбулд байгуулж, далайн тээврийн замын аюулгүй байдалд Орос, Турк хоёр баталгаа гаргахаар болсон юм. Хар тэнгисээс мөн Оросын үр тариа, бордоог гаргахаар гэрээнд тусгасан. Туркийн батлан хамгаалахын сайд Истанбул дахь зохицуулах төв Хар тэнгисээс орох гарах далайн тээврийн аюулгүй байдлыг хангах ажилдаа аль хэдийн орсон. буудай тээвэрлэсэн эхний хөлөг онгоц ойрын үед Украины боомтуудаас аялалдаа гарна гэж мэдэгджээ.

НҮБ 2 дугаар сарын 24-нд Орос Украинд цэрэг оруулснаас хойш дэлхийн хүнсний аюулгүй байдал алдагдаж эхэлснийг өнгөрсөн 6 дугаар сард зарласан. Мөн Москва Хар тэнгисийн боомтуудад хориглолт тавьсан нь олон улсад өлсгөлөн нүүрлэх, хүмүүнлэгийн байдал тогтворгүй болох, цагаачлалын их урсгал үүсгэх эрсдэл бий болгосон гэж үзсэн. НҮБ-ын Хүнс ХАА-н байгууллагын мэдээлснээр Украин нь дэлхийд улаан буудай экпортлогч гол орнуудын нэг юм.

Африк Ойрх Дорнод, Азийн олон улс орон Украинаас улаан буудайн импортынхоо голлох хувийг авч байна. Тухайлбал, Пакистан улс гэхэд жилд Украинаас 496 сая америк доллароор улаан буудай авдаг бол Ливан 239 сая, Йемен 144 сая, Этиоп 39,6 сая, Судан 23,9 сая, Шри-ланка  21,6 сая доллароор Украинаас улаан буудай импортолж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Украины боомтуудаас үр тариа экспортлох цуваа гарахаар бэлтгэж байна  
Үзсэн: 467 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй