Шууд Chart

БНСУ-ын зэвсгийн экспорт сүүлийн 5 жилд өсчээ

2022-07-26 10:37:26

Өмнөд Солонгос улс зэвсэг экспортоор дэлхийд тэргүүлэх эгнээнд гарч ирж байна. Тус улсын гадаад зах зээлд нийлүүлсэн зэвсэг сүүлийн 5 жилд 177 хувиар өссөн байна. Хамгийн сүүлийн жишээ НАТО-гийн гишүүн Польш улс танк, сөнөөгч онгоц, артиллерийн их буу зэрэг зэвсгийг Өмнөд Солонгосоос худалдаж авах болсноо зарласан.

Тодруулбал, Өмнөд Солонгосын экспорт импортын банкны мэдээлснээр тус улсын зэвсгийн экспортын орлого өнгөрсөн онд 7 тэрбум америк долларт хүрч, түүхэн дээд амжилт тогтоожээ. Өмнөд Солонгосын 2017-2021 оны хооронд хийсэн зэвсгийн экспорт 2012-2016 оныхоос 177 хувиар илүү байсан нь дэлхийн зэвсэг экспортлогч 20 орны дунд хамгийн өндөр өсөлттэйд тооцогдож байна.

Зэвгийн экспортын өсөлтөөр Австрали 98 хувиар, Франц 59 хувиар удаалжээ. Энэ хугацаанд Өмнөд Солонгосын дэлхийн зэр зэвсгийн зах зээлд эзлэх хувь 1 хувиас 2,8 хувь болж, бараг 3дахин өссөн байна. Ингэснээр одоо БНСУ Ази тивдээ зэвсгийн экспортоор зөвхөн Хятад улсын дараа орж байна. 2000 онд тус улс зэвсгийн экспортоор 31-рт бичигдэж байсантай харьцуулахад энэ бол маш хурдтай өсөлт гэж зах зээл үнэлж байна.

Өнгөрсөн 5 жилд Өмнөд Солонгосын гадаад зэх зээлд борлуулсан зэвсгийн 16 хувийг Филиппин, 14 хувийг Индонези улсууд авсан нь хамгийн гол худалдан авагчид тооцогджээ. Сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгосын зэвсгийн экспортын зах зээл Азиас хальж, Европ, Ойрх Дорнод зэрэг өөр бүс нутаг руу чиглэж байна.

Үүнийг НАТО-гийн гишүүн Польшийн Өмнөд Солонгостой зэвсгийн наймаа хийхээр тохирсон хэлэлцээ, мөн Арабын нэгдсэн Эмиратад дунд тусгалын газар агаар ангиллын пуужин худалдаалах гэрээ, Египетэд өөрөө явагч артиллерийн их буу 1,7 тэрбум доллароор зарахаар гэрээ байгуулсан зэрэг үйл явц нотолж байна. Гэхдээ Сөүлийн шинээр хөгжүүлсэн цэргийн техник хэрэгсэл дэлхийн түвшинд гарч ирж байгаа учраас Азийн зах зээл бол тус улсын зэвсгийн зах зээлд чухал хэвээр байх нь тодорхой байна. 2022 онд Өмнөд Солонгосын зэвсгийн экспортын хэмжээ 10 тэрбум америк долларт хүрэх төлөвтэй байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ-ын зэвсгийн экспорт сүүлийн 5 жилд өсчээ   
Үзсэн: 492 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй