Шууд Chart

Японы Кагошима мужид галт уул дэлбэрчээ

2022-07-26 10:43:48

Японы өмнөд бүс нутгийн Кагошима мужид өнгөрсөн бямба гарагт орон нутгийн цагаар үдшийн 20 цагийн орчимд Сакуражима галт уул дэлбэрсэнтэй холбогдуулан орон нутгийн хэмжээнд онц байдлын зэрэглэлийг хамгийн өндөр түвшинд шилжүүлжээ. Ингэснээр галт уулын тогооноос 3 км-ийн радиус доторх хоёр тосгоны 51 оршин суугчийг нүүлгэн шилжүүлэхээр болжээ. Одоогоор хүн гэмтэж бэртсэн болон хохирол учирсан мэдээлэл байхгүй байна.

Сакуражима галт уулын тогоонд бямба гарагт дэлбэрэлт болж эхлэхэд эрх баригчид нь аюулын гуравдах түвшинг зарлаж, иргэдийг уулын авирахыг хориглосон юм байна. Харин ням гарагийн хүчтэй дэлбэрэлтийн үеэр галт уулын тогооноос чулуу, үнс нурам уулын эргэн тойронд 2,5 км-ийн радиуст цацагдаж, өтгөн хар утаа агаарт 300 метрийн өндөрт хүрсэн учир Японы цаг уурын хүрээлэн аюулын зэрэглэлийг ахиулсан байна.

Тус улс хамгийн сүүлд 2015 онд мөн Кагошима мужийн өөр нэг галт уул дэлбэрэх үед онц байдлын зэрэглэлийг хамгийн өндөр түвшинд шилжүүлж, аюулын бүсээс иргэдийг нүүлгэн шилжүүлж байжээ. Тус улсад 2007 оноос хойш галт уулын дэлбэрэлтийн хүчээс хамаарч аюулын түвшинг цагаанаас ягаан өнгө хүртэл 5зэрэглэлд ахиулдаг болсон юм.

Энэ удаагийнх уг системийг хэрэглэж эхэлснээс хойших анхны хамгийн аюултай түвшинд хүргэсэн тохиолдол болж байгаа аж. Сакуражима нь Японы хамгийн идэвхтэй гал уулнуудын нэг юм. Цаг уурын хүрээлэн нь тус галт уул дахин хүчтэй дэлбэрэхгүй болов уу гэж таамаглаж байна.

Сакуражима өмнө нь арал байсан боловч галт уулын олон удаагийн дараалсан дэлбэрэлтийн улмаас ойролцоох том арлын нэг хэсэг болж залгагдсан байна.

Тус галт уул хамгийн сүүлд арал байх үедээ буюу 1914 онд хүчтэй дэлбэрч, 58 хүн амь үрэгдэж байжээ.  Японы арлууд нь Номхон далайг тойрсон Галт Цагариг гэж нэрлэгддэг галт уул, газар хөдлөлтийн хамгийн идэвхтэй бүсэд хамаардаг юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы Кагошима мужид галт уул дэлбэрчээ  
Үзсэн: 807 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй