
Зүүн Өмнөд Азийн Мьянмар улс 1980 оноос хойш анх удаа цаазын ял гүйцэтгэжээ. Мьянмарын цэргийн засгийн газар “террор үйл ажиллагаа” явуулсан үндэслэлээр төрийн эргэлтийг эсэргүүцсэн дөрвөн хүнийг цаазалсан гэж тус улсын төрийн хэвлэлд мэдээлжээ. Парламентын гишүүн асан, алдартай артист зэрэг 4 хүнийг цаазалсан энэ шийдвэр тус улсын иргэд болон ардчилсан улс орнууд, хүний эрхийн байгууллагуудын дургүйцлийг төрүүлж, шүүмжлэл хүлээж байна.
Цаазын ял хүлээсэн 4 хүний тухайд Мьянмарт цэргийнхэн хүчээр төрийн эрхийг булаасан үйлдлийг эсэргүүцсэн нийгмийн идэвхтнүүд, тэр дундаа Нобелийн энх тайвны шагналт Аун Сан Су Чигийн ойрын хүрээллийнх юм байна.
Тухайлбал, Су Чигийн Ардчиллын төлөөх үндэсний лиг намын хууль тогтоогч асан, ардчиллыг дэмжигч нийгмийн идэвхтэн, өмнө нь цэргийнхнийг шүүмжилсэн агуулгатай шүлэг бичсэнийхээ төлөө баривчлагдаж байсан зэрэг 4 хүнийг терроризмын эсрэг хуулиар шийтгэжээ. Тэдгээр 4 хүнийг 2021 оны 2 дугаар сарын 1-ний өдөр цэргийнхэн төрийн эргэлт хийхэд армийн эсрэг тэмцэхэд зэвсэгт босогчдыг дэмжсэн үндэслэлээр буруутгаж, өнгөрсөн 1 дүгээр сард хаалттай шүүхээр шүүж, цаазын ял оноосон аж.
Цэргийн эрх мэдэлтнүүд тэдгээр хүмүүст шүүхээс оногдуулсан ялыг гүйцэтгэсэн гэдгээ мэдэгдсэн ч цаазын ялыг хэзээ, ямар байдлаар гүйцэтгэсэн талаар мэдээлээгүй байна.
Мьянмар нь өмнө цаазын ялыг дүүжлэх байдлаар гүйцэтгэж байжээ.НҮБ-ын мэдээлснээр Мьянмар улс хамгийн сүүлд 1988 онд цаазын ял гүйцэтгэсэн юм байна. 2021 оны 2 дугаар сарын 1ний өдөр тус улсын цэргийн эрх мэдэлтнүүд ардчилсан засгийн газрыг унагаж, төрийн эрхийг булааж авсан.
Мьянмарын ард иргэд үүнээс хойш цэргийнхний эсрэг улс орон даяар өргөн хэмжээний эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлсэн ч цэргийн засгийн газар хүчээр дарах ажиллагаа явуулсан, үүний улмаас энгийн 2100 гаруй иргэн амь насаа алдсан гэж олон улсын түвшинд тооцож байгаа юм. Олон нийтийн тэмцлээс хойш Мьянмарын цэргийн засгийн газар ардчиллыг дэмжигчид, нийгмийн идэвхтнүүд болон сэтгүүлчдийг хүчээр дарж, олон тооны идэвхтэнд цаазын ял оноосон юм.
Одоогоор олон улсын хүний эрхийн байгууллагууд, НҮБ болон АНУ, Франц, Японы зүгээс Мьянмарын цэргийн засгийн газрын энэ шийдвэрийг зэмлэн буруутгаж, үүнийг “төлөвлөж цаазална гэдэг хүний амьд явах эрхийг санаатайгаар зөрчиж байгаа алхам юм “ гэж тодорхойлж байна.
Мьянмар улс 1980-аад оноос хойш анх удаа цаазын ял гүйцэтгэжээ | ||
Үзсэн: 860 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.