
ОУВС энэ оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгаа 3,2 хувь болгон бууруулж байна. Дэлхий даяар цар тахлын нөлөөгөөр инфляц өсөж, Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд саарч, Америк мөнгөний бодлогоо чангаруулж байгаа зэргээс шалтгаалан дэлхийн эдийн засгийн өсөлт энэ онд төдийгүй ирэх онд ч буурах төлөвтэй байна.
Тодруулбал, ОУВС дэлхийн эдийн засгийн 2022 оны өсөлтийн төлөвийг таамаглахдаа өнгөрсөн 4 дүгээр сарын төлөвөөс 0,4 хувиар бууруулж 3,2 хувь байхаар таамаглаж байна. Энэ онд Америкийн эдийн засаг 2,3 хувиар өсөх төлөвтэй байгаа нь өмнөх таамгаас 1,4 хувиар буурах үзүүлэлт болжээ. Энэ нь Америкийн холбооны нөөцийн банк мөнгөний хатуу бодлого явуулж байгаагаас тус улсын хэрэглээний зардал тооцоолж байснаас бага байгааг харуулж байна.
Харин Хятадын эдийн засгийн өсөлтийн төлөвийг 1,1 хувиар бууруулж 3,3 хувь байхаар ОУВС төсөөлж байна. Хятад улс ”Тэг ковид” бодлогын хүрээнд иргэдийнхээ хөдөлгөөнийг хатуу хязгаарлаж байгаа нь эдийн засгийн өсөлт сулрахад нөлөөлж байгааг тус сан онцолжээ. Еврогийн бүсийн эдийн засгийн өсөлтийг 0,2 хувиар бууруулж, 2,6 хувь байхаар төсөөлж байна. Энэ нь Европын төв банк сүүлийн 11 жилд анх удаа бодлогын хүүгээ нэмэгдүүлсэнтэй холбоотой гэж үзэж байна.
Үүнээс гадна энэ онд дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлөх нэмэлт эрсдэлүүдийг ОУВС-гаас нэрлэжээ. Орос Европ руу байгалийн хийн нийлүүлэлтээ бүрэн зогсоож болзошгүй байгаа, Хятадад үл хөдлөх хөрөнгийн хямрал улам даамжирч байгаа зэрэг нь нийт өсөлтийг бууруулах нэмэлт хүчин зүйл болж байна гэж тус сангаас дүгнэж байна.
ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгаа 3.2 хувь болгон буурууллаа | ||
Үзсэн: 413 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.