
ОХУ ирэх 8 дугаар сарын 30-наас 9 дүгээр сарын 5-ны хооронд Алс Дорнодын бүс нутагт “Восток” стратегийн цэргийн сургуулилт хийхээр төлөвлөж байна. Энэ цэргийн сургуулилтад гадаадын цэргийн анги нэгтгэлүүд оролцох юм байна. Гэхдээ Москва ямар улсууд оролцох талаар одоогоор нууцалж байгаа аж.
Тодруулбал, “Восток” нэртэй стратегийн цэргийн сургуулилтыг Оросын дорнод цэргийн тойрогт хийх юм байна. Хабаровск хотод төвтэй энэ тойрогт Хятадтай хил залгаа Сибирийн зүүн бүс нутаг, Алс дорнодын нутаг дэвсгэр хамаардаг.
Энэхүү цэргийн сургуулилт нь Украинд 5сар гаруйн хугацаанд дайн хийж байгаа ч Оросын батлан хамгаалах салбарын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, хүчин чадал хэвийн байгааг харуулах зорилготой юм байна. Дорнод цэргийн тойргийн буудлагын 13 талбайд цэргүүд сургуулилт хийнэ.
Агаарын цэргийн ангиуд болон алсын тусгалын бөмбөгдөгч, ачааны онгоцнуудыг оролцуулах юм байна. Оросын батлан хамгаалах яам, "Дорнод цэргийн тойрогт болох сургуулилтын цар хүрээ, багтаамжид Украинд явуулж байгаа цэргийн тусгай ажиллагаа нөлөөлөхгүй, зэвсэгт хүчний зөвхөн нэг хэсэг цэрэг, зэвсэг техник л тэнд хуваарилагдана, Москва цэргийн ямар ч сургуулилт, олон улсын хамтын ажиллагааг цуцлаагүй" гэж мэдэгджээ.
Одоогоор ОХУ Украинд явуулж байгаа цэргийн тусгай ажиллагаандаа хэчнээн тооны цэрэг илгээснээ мэдээлээгүй байна. Өнгөрсөн онд Орос, Беларусын нутаг дэвсгэрт болсон цэргийн сургуулилтуудад Монгол, Армени, Энэтхэг, Казахстан, Киргизстаны цэргийн ангиуд оролцож байжээ.
ОХУ ирэх сарын сүүлээр Алс Дорнодод стратегийн цэргийн сургуулилалт хийнэ | ||
Үзсэн: 555 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.