
Өнгөрсөн 7 хоногт, НҮБ болон Туркийн дэмжлэг зуучлалын хүрээнд, ОХУ болон Украин хар тэнгист гацсан үр тариаг аюулгүй коридороор тээвэрлэж, дэлхийн зах зээлд гаргах тохиролцоонд хүрсэн. Энэ тохиролцооны дагуу, удахгүй Хар тэнгисийн Одесса боомтоос үр тариа тээвэрлэсэн хөлөг онгоцны эхний цуваа хөдлөх төлөвтэй байна. Одоо, НҮБ болон ОХУ-ын талаас хөлөг онгоц хөдлөх зөвшөөрөл өгөхийг хүлээж байгаа юм байна.
Үндсэндээ, Украины хямрал эхэлсэн цагаас хойш анх удаа Хар тэнгисийн боомтоор үр тариа тээвэрлэсэн хөлөг онгоцны цуваа хөдлөх гэж байна. Өчигдөр Украины ерөнхийлөгч Зеленский, хар тэнгисийн боомтод очиж, нөхцөл байдалтай танилцжээ. Украины дэд бүтцийн сайд Александр Кубраков, Хар тэнгисээс Босфорын хоолойгоор дамжин гарах хөлөг онгоцны маршрутын зөвшөөрлийг НҮБ-ээс хүлээж байна гэж мэдэгджээ.
Мөн, өнгөрсөн Лхагва гарагт Туркийн Истанбул хотноо, хөлөг онгоцнуудыг аюулгүй нэвтрүүлэх зорилготой хамтарсан зохицуулалтын төв нээгджээ. Үүний зэрэгцээ, Одесс, Черноморск болон Южный гэсэн 3 боомтын үйл ажиллагаа ч сэргэсэн гэдэг мэдээллийг Киевийн талаас өгч байна.
Истанбулд байгуулсан гэрээний дагуу, Украины талын удирдлага дор, хөлөг онгоцнууд аюулгүй коридороор гарч, Туркийн баруун хойд хэсэгт орших далайн тээврийн чухал коридор болсон Босфорын хоолойгоор дамжин өнгөрч цааш гарна. Харин, усан онгоцнууд Украинд буцаж ирэхээс өмнө, Орос Украин болон Туркийн талаас хяналт шалгалт хийж нэвтрүүлэх аж. Өөрөөр хэлбэл, гэрээнд заасны дагуу Украин руу хууль бусаар зэвсэг нэвтрүүлэхгүй гэсэн гэрээний гол зүйл заалттай холбоотойгоор, талууд хяналт тавьж ажиллах юм байна.
Мөн, үр тариа тээвэрлэн явж байгаа хөлөг онгоцнууд руу Орос, Украины талаас аль аль нь халдлага дайралт, аливаа өдөөн хатгалга явуулахгүй гэсэн үндсэн тохиролцоо хийсэн байна. Украин улс дэлхийн үр тарианы гол экспортлогч орны нэгд тооцогддог. Киев жил бүр үр тарианыхаа 4-ний нэгийг экспортод гаргадаг, энэ экспортын 90 орчим нь хувь нь Хар тэнгисийн боомтуудаас дэлхийн зах зээлд гардаг юм байна.
Иймд, дайны үр тарианы экспортод үзүүлж буй сөрөг нөлөө, ялангуяа дэлхийн өмнөд хэсэгт гол сорилт дагуулж байна гэж олон улсын шинжээчид харж дүгнэж байна. Истанбулын хэлэлцээний дагуу, сард дунджаар 5 сая тонн үр тариаг хар тэнгисийн боомтуудаас экспортод гаргахаар тохиролцсон. Энэ нь, дайны өмнөх үе буюу, ердийн экспортын хэмжээтэй дүйцэхүйц дүн юм байна.
Өнөөдрийн байдлаар, хар тэнгисийн боомтод 22 сая тонн үр тариа гацсан байдалтай байна. Талуудын тохиролцооны дагуу, гацсан үр тариаг ойрын 6 сарын дотор, зах зээлд гаргана гэж төлөвлөжээ.
Хар тэнгисийн боомтоос үр тариа тээвэрлэсэн онгоцны эхний цуваа хөдлөхөөр бэлтгэж байна | ||
Үзсэн: 639 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.