
Ази тивийн хэмжээнд, эдийн засгаараа 4т эрэмбэлэгддэг Өмнөд Солонгос улс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг тогтворжуулах нэмэлт арга хэмжээ авч байгаагаа зарлалаа. Тус улсад, инфляцын түвшин сүүлийн 24 жилийн хугацаанд анх удаа 6 хувийг давж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсжээ. Өмнөд Солонгосын засгийн газар, инфляцын дарамтыг бууруулахын тулд, түүхэндээ хамгийн өндөр дүнтэй нэмэлт төсвийг өнгөрсөн сард баталсан юм.
Үүтэй холбоотойгоор тус улсын ерөнхийлөгч Юн Сок Ёл, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний татварыг цуцлах, хүнсний талон олгох гэх мэт эхний шатны арга хэмжээ авах тухайгаа танилцуулжээ.
Мөн иргэдийнхээ амьжиргааг тогтвортой хадгалахын тулд, Өмнөд Солонгосын засгийн газар, 614 сая америк долларын багц тусламж үзүүлэхээр төлөвлөж байгаа аж. Гэхдээ, юуны түрүүнд, хүнсний бүтээгдэхүүний үнийг бууруулахад илүүтэй төвлөрч ажиллана гэдгээ сангийн яам нь мэдэгджээ. Тухайлбал, үхэр тахиан мах, кофены шош зэрэг 7 нэр төрлийн бүтээгдэхүүнийг татваргүйгээр импортлохоор төлөвлөжээ.
Өнгөрсөн сард үхрийн мах л гэхэд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 30 орчим хувиар өсжээ. Мөн тариаланч, загасчдад татаас олгох замаар дотоодын нийлүүлэлтээ нэмэгдүүлнэ. Үүний зэрэгцээ, хөдөө аж ахуй, мал, загасны ахуйн бүтээгдэхүүнд илүү хөнгөлөлт үзүүлэх зэрэг арга хэмжээ авах юм байна. Хүнсний үнийг тогтворжуулахын зэрэгцээ, иргэдийн амьжиргааны зардалд мөн дэмжлэг үзүүлнэ. Ингэхдээ, амьжиргаа түвшин доогуур айл өрхүүдийн цахилгаан, хийн хэрэглээний төлбөрийг хөнгөлнө.
Үнийн өсөлтөд нөлөөлж байгаа бас нэг хүчин зүйл бол, шатахуун. Шатахууны татварын хөнгөлөлтийг хуулиар зөвшөөрөгдсөн дээд хэмжээнд хүртэл үзүүлэхийн зэрэгцээ, хийн татварыг мөн 30 хувиар бууруулах аж.
Өмнөд Солонгос улсад, хүнс, эрчим хүчний үнийн өсөлтийн нөлөөгөөр хэрэглээний үнийн индекс өнгөрсөн сард өмнөх оны мөн үетэй харьцуулбал, 4,8 хувиар өсжээ. Зах зээлийн таамаглалаас давсан энэ өсөлт нь 2008 оны санхүүгийн их хямралаас хойших хамгийн хурдан өсөлтийг харуулснаас гадна тивийн хэмжээнд инфляцын түвшин өндөр байгааг харуулж байна гэж шинжээчид үзэж байна.
БНСУ: Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний татварыг цуцаллаа | ||
Үзсэн: 1230 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.