Шууд Chart

ОХУ-ын далай тэнгисийн номлолыг шинэчлэн баталжээ

2022-08-02 15:44:51

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ОХУ-ын далай тэнгисийн номлолыг шинэчлэн баталсан зарлиг гаргасан байна. Энэ зарлиг батлагдсан өдрөөсөө буюу 7 дугаар сарын 31-ний өдрөөс хүчин төгөлдөр болж мөрдөгдөж эхэлжээ.

Тус баримт бичигт “Орос улсын үндэсний ашиг сонирхлын хил хязгаар, бүсүүдийг” тогтоож өгсөн гэж Путин Кронштадтад болсон ОХУ-ын тэнгисийн цэргийн баярт зориулсан цэргийн парадад оролцох үеэрээ хэллээ. Тухайлбал, Хар Тэнгис, Ангийн тэнгис, Берингийн тэнгис, Балт хавийн болон Курилын хойгуудын усан хил хязгаарыг хамааруулж авч үзжээ. Энэ хүрээнд, Японтой маргаантай дөрвөн арлын эргэн тойрны ус стратегийн чухал ач холбогдолтой гэдгийг онцолсон байна.

Эдгээр арлыг “Умард нутгаа” гэж үздэг Япон улс тэдгээрийг дэлхийн 2 дугаар дайны улмаас хууль бусаар булаан эзлэгдсэн гэж мэдэгддэг. Тэрчлэн Оросын далай тэнгисийн номлол баримт бичигт, НАТО-гийн үйл ажиллагаа эрчимжсэн, гадаад далай тэнгист давамгайлах АНУ-ын эрмэлзэл, Москватай нутаг дэвсгэрийн зөрчил маргаантай хэд хэдэн улсын асуудал болон Оросын далай тэнгисийн үйл ажиллагааны үр нөлөөг бууруулахад чиглэсэн мэдээллийн болон цэргийн шахалт дарамтыг ОХУ-ын үндэсний аюулгүй байдлын гол аюул занал хэмээн нэрлэсэн байна.

ОХУ-ын далай тэнгисийн анхны номлолыг 2001 онд баталж байсан байдаг. Хамгийн сүүлд энэ баримт бичгийг Крымийн хойгийг Орост нэгтгэж, НАТО өргөжин тэлсэнтэй холбогдуулан 2015 оны зун шинэчилж байжээ. ОХУ-ын ерөнхийлөгч Путин ням гарагт болсон Оросын тэнгисийн цэргийн баяр ёслолд оролцох үеэрээ мөн, ойрын саруудад оросын байлдааны хөлөг онгоцнуудын зэвсэглэлд дуунаас хурдан “Циркон” нэртэй пуужингийн цогцолбор суурилуулах талаар мэдэгджээ.

Жил бүрийн 7 дугаар сарын сүүлийн ням гарагт тэмдэглэдэг ОХУ-ын тэнгисийн цэргийн флотын баярт зориулсан цэргийн парадад 40 гаруй байлдааны хөлөг онгоц, тэр дундаа “Калибр” далавчит пуужингаар тоноглосон шумбагч болон бусад төрлийн байлдааны хөлөг онгоцнууд, 42 нисэх онгоц, 3500 орчим цэргийн албан хаагч оролцсон аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-ын далай тэнгисийн номлолыг шинэчлэн баталжээ  
Үзсэн: 682 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй