Шууд Chart

Япон улсад хүнсний үнийн өсөлт намрын турш үргэлжилж болзошгүй...

2022-08-02 15:49:23

Япон даяар хүнс болон ус ундааны үнийн өсөлт энэ намаржин үргэлжлэх төлөв ажиглагдаж байгааг нэгэн судалгааны компаниас явуулсан санал асуулгын дүн харуулж байна.

Энэ хүрээнд 18 мянгаад нэр төрлийн хүнсний үнэ өсөх хандлагатай гарчээ. Тейкоку нэртэй судалгааны төвөөс явуулсан энэ судалгаанд, японы дотоодын томоохон хүнс, ус ундаа үйлдвэрлэгч 105 томоохон компани аж ахуйн нэгжийг хамрагдсан байна.

Судалгааны дүнгээс харвал, асуулгад оролцсон дээрх 105 үйлдвэр аж ахуйн газрын 81 нь аль хэдийн бүтээгдэхүүнийхээ үнийн нэмсэн, эсвэл энэ онд багтаан нэмэхээр төлөвлөж байгаа гэж гарчээ. Энэ өсөлтөд нийтдээ 18532 нэр төрлийн бүтээгдэхүүн хамрагдахаар байгаа нь өнгөрсөн сарынхаас 3200 гаруйгаар нэмэгдсэн байна. Үнийн дундаж өсөлт 14 хувь байхаар байгаа аж.

Сараар нь авч үзвэл, ирэх 10 дугаар сард хамгийн олон нэр төрлийн буюу 6000 гаруй нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх төлөвтэй байгаа гэнэ. Олон компани үүнийхээ шалтгааныг, үр тариа ургамлын тос зэрэг орц бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбон тайлбарлажээ.

Мөн түүхий нефтийн үнэ өссөнөөс барааны сав баглаа боодол, тээвэрлэлт нийлүүлэлтийн зардал нэмэгдсэн гэж үйлдвэрлэгчид хэлж байна. Үүн дээрээс иений ханшийн огцом уналтаас шалтгаалан импортын өртөг зардал эрс өссөнд гомдоллож байна. Бүтээгдэхүүний нэр төрлөөр нь авч үзэхэд, гахайн мах, зайдас, хөлдөөсөн хүнс хамгийн өндөр буюу дунджаар 16 хувиар үнэд оржээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон улсад хүнсний үнийн өсөлт намрын турш үргэлжилж болзошгүй...  
Үзсэн: 696 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй