Шууд Chart

Украины үр тарианы экспортыг сэргээлээ

2022-08-02 15:59:06

Үр тариа ачсан эхний хөлөг онгоц өчигдөр Украины Одессийн боомтоос хөдөлсөн байна. Украины үр тарианы экспорт 8 дугаар сарын 1-нээс сэргэх тухай өмнө нь, Туркийн Ерөнхийлөгчийн албан ёсны төлөөлөгч Ибрахим Калин мэдэгдэж байсан.

“Эхний хөлөг онгоцнууд ачаагаа татаж, Одессоос хөдлөхөд бэлэн болсон. 8 дугаар сарын 1-ний өглөө эхний хөлөг замд гарах байх” гэж тэр ярьсныг олон улсын хэвлэлүүд мэдээлж байсан юм. Үр тариа ачсан эхний ээлжийн 16 хөлөг онгоцны багийнхныг аль маршрутаар явж олон улсын усанд нэвтрэх гээд бүх нарийн ширийн мэдээллээр бүрэн хангасан гэж Туркийн албаныхан нотолж байна.

Цуваа төлөвлөсний дагуу лхагва гарагт Истанбулын боомтод хүрч, дараа нь африкийн орнууд руу замд гарах учиртай байна. Цувааны хамгийн эхний "Разони" хэмээх ачааны хөлөг онгоц гэхэд Сьерра-Леоны далбаатай байна.

Истанбулд Орос, Украины талууд Өнгөрөгч 7 дугаар сарын 22-нд Туркийн ерөнхийлөгч Эрдоан, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нарын оролцоотойгоор Украины боомтуудаас үр тариа, ХАА-н бүтээгдэхүүн аюулгүй тээвэрлэн гаргах хэлэлцээр байгуулсан. Энэ хэлэлцээрийн дагуу, Орос Украины талууд үр тариа тээвэрлэсэн хөлөг онгоцнуудад харилцан довтлохгүй гэж тохирсон.

Украины талын нотолж байгаагаар, тус улсын Хар тэнгисийн эрэг дэх 3 боомт гурвуул өнгөрөгч лхагва гарагаас үйл ажиллагаагаа сэргээжээ. Хэлэлцээрт оролцсон 4 тал бүрээс 5 хүний төлөөлөл бүхий, хэлэлцээрийн биелэлтэд хяналт тавих Хамтын зохицуулалтын төв 7 дугаар сарын 27-ны өдрөөс ажиллаж эхэлсэн. Энэ төв хөлөг онгоцнуудыг нийт замынх нь турш хиймэл дагуул, интернэт, дронууд болон холбоо харилцааны бусад арга хэрэгслүүдийн тусламжтай дагуулан хяналт ажиглалт явуулж, мөн давхар зэвсгийн хууль бус худалдаа, бусад өдөөн хатгалгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах юм байна.

Үүнээс гадна холбогдох талууд үр тариа тээвэрлэгч хөлөг онгоцнуудыг хамгаалах цэргийн усан онгонууд дагалдуулах бэлтгэлээ базаасан тухай мэдээлж байжээ. Дэлхийн үр тарианы хоёр том гол үйлдвэрлэгч Украин, Орос улсуудын хооронд дайн хямрал дэгдсэний улмаас энэ төрлийн бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдсан. Украин Хар тэнгисийн боомтуудыг нь гацааж, 20 тонн үр тарианы экспортыг нь тасалдуулсанд Оросыг буруутгадаг. Оросын тал, боомтуудын ойр орчмын усыг минажуулж, усан тээвэрт аюултай нөхцөл үүсгэсэн гэж Украиныг хариу буруутгаж ирсэн.

“Дэлхий тэр аяараа хэлэлцээрийг дэмжиж байгаа ч гэлээ энэ хангалттай биш. Бусад салбарын дэмжлэг мөн чухал. Үр тариа нийлүүлэх тохиролцоо амжилттай хэрэгжсэн нөхцөлд энхийн хэлэлцээ сэргэх үндэс бүрдэхийг ч үгүйсгэх аргагүй. Энэ хүрээнд манай дипломат санаачилгууд үргэлжлэх болно” гэж Туркийн ерөнхийлөгчийн албан ёсны төлөөлөгч Калин мөн ярьсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Украины үр тарианы экспортыг сэргээлээ  
Үзсэн: 587 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй